Дэлхийн аваргууд дэлхийн хос медальтнууд боллоо

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Унгарын Будапешт хотноо өнөөдөр эхэлсэн 2017 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монголын жүдочид нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр эмэгтэй 48 кг, эрэгтэй 60 кг-ын жингийн барилдаан болж, Монголын баг тамирчдаас гурван жүдоч зодоглосон юм. Улмаар дэлхийн аварга М.Уранцэцэг, дэлхийн аварга Г.Болдбаатар нар медалийн тавцанд зогсож, дэлхийн аваргын медалиа хос болгосон түүхэн өдөр болж байна.

Гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Румыны Александра Попыг, гуравдугаар тойргийн барилдаанд БНСУ-ын залуу тамирчин Кан Юү Жоныг цэвэр ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд Францын жүдоч Францын жүдоч Мелани Клеменийг цэвэр ялж, мөнгөн медалийн төлөө Рио-2016 олимпийн хүрэл медальт, дэлхийн аваргын алт, хүрэл медальтай, Японы бөх Ами Кондотой барилдаж, ялалт байгуулсан юм. Харин медалийн өнгө хувиргах шийдвэрлэх барилдаанд М.Уранцэцэг мөн Японы жүдоч Фүна Тонакид ялагдал хүлээлээ.

М.Уранцэцэгийн хамт 48 кг-ын жинд Казахстаныг төлөөлөн барилдсан Г.Отгонцэцэг хүрэл медалийн эзэн болж, хоёр монгол бүсгүй ДАШТ-ий медалийн тавцанд зогссон нь энэ өдрийн бас нэгэн онцгой үйл явдал байлаа.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Гавьяат тамирчин Г.Болдбаатарын хувьд эхний тойрогт Европ тивийн аварга, гүрж гаралтай Туркийн жүдоч Бекир Өзлуг нэмэлт цагт торгуулиар, хоёрдугаар тойрогт Францын жүдоч Валид Хьярыг вазари үнэлгээгээр ялсан. Улмаар гуравдугаар тойргийн барилдаанд Японы жүдоч Рюүжү Нагаямаг торгуулиар ялж, хэсгийн аваргын төлөө Риогийн олимпийн хүрэл медальт, Узбекистаны бөх Диорбек Урозбоевт цэвэр ялагдсан билээ.

Харин дагах барилдаанд Г.Болдбаатар Казахстаны бөх Йелдос Сметовыг вазари үнэлгээгээр ялж, залгуулаад хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Чехийн тамирчин Павел Петриковыг вазари үнэлгээгээр ялсан юм.

Түүний хамт 60 кг-д хүч сорьсон дэлхийн аваргын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин шөвгийн 16-д Казахстаны жүдоч Гусман Киргызбаевтай барилдаж, торгуулиар ялагдал хүлээснээр энэ жилийн ДАШТ-ийг өндөрлүүлсэн.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.