Номхон далайд устөрөгчийн бөмбөг туршина гэж Хойд Солонгос сүрдүүллээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын сүрдүүлгийн хариуд Номхон далайн усанд устөрөгчийн бөмбөг туршиж магадгүй тухай Хойд Солонгосын гадаад хэргийн сайд өнөөдөр мэдэгдлээ.

Түүний мэдэгдлээс хэдхэн цагийн өмнө Ким Жон Ун дэглэмийг нь устгахыг санаархсаныхаа төлөө Дональд Трампыг “өндөр үнэ төлөх болно” гэж мэдэгдээд байв.

Маргааш НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд үг хэлэх гэж байгаа Хойд Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо сэтгүүлчдэд ярихдаа “Номхон далайд устөрөгчийн бөмбөгний хамгийн том туршилтыг хийх боломжтой. Хэрвээ удирдагч Ким Жон Ун ийм тушаал өгвөл бид яах ч аргагүй” гэжээ.

Энэ сарын эхээр Пёньян өөрийн газар нутагт, газрын гүнд устөрөгчийн бөмбөг туршсан нь 6.3 магнитудын хүчтэй чичиргээ үүсгэж, Хятадын нутагт хүртэл мэдрэгдсэн юм.

Өнөөдөр өглөө Ким Жон Ун өөрийн зүгээс АНУ-ын ерөнхийлөгчид шууд хандсан мэдэгдэл гаргасан нь ховор тохиолдол байв. Тэрээр Трампыг “сэтгэцийн өвчтэй” хүн гээд Хойд Солонгосыг сүрдүүлсэн үгийг нь “айсан нохой чанга хуцдаг” хэмээн доромжилсон юм.

Трампын хэлсэн үг “өөрийг нь зөв зам дээр зогсож байгааг баталж, эцсээ хүртэл явах ёстойг нь мэдрүүллээ” гэж Ким Жон Ун мэдэгдэлдээ дурдсан байна.

“Сонсгол муу, зөвхөн өөрийн сонсохыг хүссэн зүйлээ сонсдог хөгшин зөнөгт хариугаа үйлдлээр үзүүлэх нь хамгийн зөв” гэж тэр бас даапаалсан юм.

Эцэст нь Ким Жон Ун “Сэтгэцийн өвчтэй Америк өвгөнийг зэвсгийн хүчээр номхруулахаа би амлаж байна” гэжээ.

Ким Жон Уны мэдэгдлийн өмнөхөн Дональд Трамп Хойд Солонгосын эсрэг эдийн засгийн нэмэлт хоригийг өөрийн засгийн газрын зүгээс хэрэгжүүлж байгаагаа зарласан юм. Тэрээр Хойд Солонгостой хамтран ажиллаж байгаа Хятадын банкны систем, боомтууд, ачаа тээврийн байгууллагуудад цохилт өгөх зорилготой ийм хориг тавьж байгаагаа тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн энэ сарын дундуур авсан хориг арга хэмжээнээс үлдсэн цоорхойг нөхөх зорилготой юм байна.

Эх сурвалж: The Guardian

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх