Чуулган: У.Хүрэлсүхийг 30 дахь Ерөнхий сайдаар томиллоо

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

УИХ-ын намрын ээлжит чуулганаар Ерөнхий сайдыг томилох эсэх асуудлыг хэлэлцлээ. Улмаар чуулганд оролцсон 47 гишүүн 100 хувийн саналаар дэмжсэнээр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томиллоо.

Ерөнхий сайд томилогдсон учир Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн У.Хүрэлсүхийг Шадар сайдын үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Ингээд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Итгэл үзүүлэн томилсон та бүхэндээ баярлалаа. Та бүхнийхээ итгэлийн зүтгэлээр хариулж, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлж, буруутанд хариуцлага тооцож чаддаг, шударга үнэнийг тогтоосон Ерөнхий сайд болно. Би авлигачтай тэмцдэг, арл түмнээ өмгөөлдөг Ерөнхий сайд болно” гэлээ.

2017 оны 10 дугаар сарын 4 12.06 цаг

О.Баасанхүү: Ж.Эрдэнэбат сайдыг тийм жудаггүй үйлдэл гаргана гэдэгт итгэхгүй байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хуучин шигээ маяглаж хурлаа хаяж гардгаа АН болиорой. АН-ынхан хулгайнд гаршсан хүмүүс шүү. Шинэ Засгаас сайд нэхэхгүй шүү. Ах дүү шиг байдаг ч гэсэн ажил дээр яс байна шүү. Одоо Б.Наранхүү гишүүнээ олж хуралдаа 100 хувь ирцтэй суу. УИХ-ын гишүүн С.Жавхлан ч хуралдаа суу. АН Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхэд дөрвөн яам шахаа болиорой. Хуучин сайд байсан хүмүүсийг оруулж ирмээргүй байна. Чагнаж тагнасан асуудлаа нэг талд нь гарга. Ж.Эрдэнэбат сайдыг тийм жудаггүй үйлдэл гаргана гэдэгт итгэхгүй байна. Дөрвөн жил нэг парламентад байсны хувьд мэдэж байна. Тэтгэврийг нэмээрэй. Хүүг нь буулгаарай. Энэ танай намын зорилго шүү ”

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “1990 оноос хойш 28 жилийн хугацаанд Засгийн газар 18 удаа огцорчээ. Энэ бол Монгол Улсын дархлаа алдагдаж байгаагийн шинж. Маш харамсч байна. Зоригтой сайн ажиллаж, тогтвортой байх ёстой. Түрүүн асуусан Оюутолгой, Тавантолгойн асуултад зоригтой хариулж чадахгүй байна. Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа бүх зүйлээ тодорхой болгоорой. Эв нэгдэлтэй, хамтраад ажиллавал 1 жилийн дотор үр дүнтэй ажиллана. Ж.Эрдэнэбатын Засгийн газар үр дүнтэй ажиллана. Давхар дээлтэй байхыг асуудлыг ард түмэн зөвшөөрөхгүй шүү. Сайн ажиллаж байгаа хүн бүрийг дэмжинэ. Тиймээс давхар, дан дээлтэй асуудлыг сайн бодоорой”

УИХ-ын гишүүн О.Батнасан “Шинээр байгуулагдах Засгийн газар амжилт хүсье. Боловсон хүчний асуудалд анхаарах ёстой. Төрийн албаны хууль УИХ-аар хэлэлцэгдэж байгаа. Чадварлаг болгох асуудалд нэлээн сайн анхаарч ажиллаарай. Япон улс техник, технологиосоо илүү япон хүний зүрх сэтгэлийн л асуудал байна. Оюутолгой, Тавантолгойн асуудалд анхаараарай. Жаргуулах гэж 65-ыг сонгоогүйг анхаарна биз”

2017 оны 10 сарын 4 11.23 цаг

У.Хүрэлсүх: Газар доорх баялагаа газар дээрх баялаг болгоно

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр хуралдаж байна. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшиж буй У.Хүрэлсүхийг батламжилна.

Яг одоо УИХ-ын гишүүд  Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхээс асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Багш нарын цалинг нэмэх асуудлыг судалж үзсэн үү. Та Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар нэмэх боломжгүй гэж хэлсэн. Миний тооцооллоор бол боломжтой санагдлаа. Үүнийг судалж үзээрэй.

Мөн АН-ынхан дөрвөн яам нэмэх асуудал ярьж байна. Хэмнэлтийн горимд шилжиж байгаа бол илүү яамдаар юу хийх вэ. Дэд сайдуудыг цомхотгохыг дэмжиж байна уу”

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх “Багш нарын зовлонг би сайн мэднэ. Миний эхнэр багш мэргэжилтэй. Манай гэр бүл багш нарын цалингаар амьдарч байсан үе бий. Багш, эмч нарын асуудалд анхааралтай хандах ёстой гэж бодож байгаа. Ирэх онд нэмж чадахгүй ч эдийн засгийн боломжоо хараад шат дараатайгаар нэмэх боломжийг харж байна. Зөвхөн багш эмч гэхгүй онцгой, цагдаа гэх мэт. Мөн ОУВС-гийн хөтөлбөртэй тохиролцсон гэрээ бий. Юутай ч нэмэх чиглэл баримталж ажиллана. Ирэх жил тэтгэвэр тэтгэмжийг цалин мөнгийн инфлацитай уялдуулж нэмэх бодолтой.

ЯАмдын тоог нэмж хасахгүй. АН-аас санал хүргүүлсэн. Энэ асуудлыг судалж үзнэ. Одоо өвөлжилтийн ажил эхэллээ. Тиймээс энэ асуудалд анхаарна. Ширээ сандал зөөж гүйхгүй. Төрийн албан хаагчдыг цомхотгохгүй. Гэхдээ хариуцлага алдсан албан хаагчдыг толгойг илэхгүй гэдгээ хэлье. Төрийн хуулийг барьж ажилладаг зарчим алдагдаж байгаа учраас хариуцлага, дэг журмыг чангатгана”

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжиж ажиллана. Нийгэмд шударга ёсны үнэлэмж алдагдаж байна. Уул уурхайн асуудлыг хэрхэн шийдэх вэ. ”

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх “Санал нэг байна. Зөвхөн би биш Монголын ард түмэн ч санал нийлэх байх. Газрын доорх баялаг бол монголын ард түмнийх. Шалга””ж үзнэ. Хууль дүрмийн дагуу шийднэ”

УИХ-ын гишүүн А.Сүхбат “Амжилттай сайн үр дүнтэй ажиллахыг хүсч байна. Нийгмээрээ нийтээрээ ёсзүйг уландаа гишгэсэн байна. Монгол Улсад өнөөдөр аялал жуулчлал ярих боломж алга. Агаарын бохирдол, хог гамшгийн хэмжээнд хүрчээ. Энэ асуудалд яаж анхаарах хандуулж ажиллах вэ. Төв цэвэрлэх байгууламжийн асуудалд анхаарах уу. Үнэр нь Төв аймагт хүртэл үнэртэж байна. Энэ нь Монгол хүн эрүүл цэвэр орчинд амьдрах ёстой гэсэн эрхэд нь халдаж байна. Үүнд ямар бодлого барьж ажиллах вэ”

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх “Агаарын бохирдол, хөрсний бохирдол санаа зовсон асуудлуудын нэг. Үүнд үе үеийн Засгийн газар, аймгийн удирдлагууд санаа зовж ирсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй. Тиймээс энэ асуудалд түлхүү анхаарч ажиллана. Шинэ Засгийн газар дөрвөн үндсэн зарчимд тулгуурлаж үйл ажиллагаа явуулна. Шаардлагатай ажлуудыг хийж явна. Цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийднэ”

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Монгол Улс хэдий болтол гаднын хөрөнгө оруулалтыг авах вэ. Хүүхдийн мөнгийг 2018 оноос ялгаварлахгүйгээр олгох уу”

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх “Улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа. Он гараад нэлээн олон өр зээл төлнө. Үүнийг төлж барагдуулахгүй бол Монгол Улс хүнд байдалд орно. Төсвийн орлогыг нэмэгдүүлж, зарлагыг багасгана. ОУВС-тэй хэрэгжүүлсэн хөтөлбөрөө үргэлжлүүлэх ёстой. Стратегийн орд газруудад бид маш хариуцлагатай хандах ёстой. Монголын ард түмэн, Монгол төр өөрсдийн баялагтаа эзэн суух ёстой. Гэвч харамсалтай нь энэ алдагдсан. Олон Улсын хөрөнгө оруулагчид манай улсад орж ирсэн. Эрдэс баялаг уул уурхайн салбараа дэмжиж ажиллаах ёстой. Газар доорх баялагаа газар дээрх баялаг болгож өргөжүүлэн олон сургууль эмнэлэг цэцэрлэг барих ёстой. МУ-ын эдийн засгийг зөвхөн уул уурхай биш өөр олон салбар нэгтгэж байж бид амжилтад хүрнэ.

Улс орны эдийн засаг хүнд байна. Бололцоотой бол хүүхдийн мөнгийг 100 хувь олгоод явна. Гэвч одоо боломж хүнд байна” гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх