О.Баасанхүү: МАН хамтрах санал гаргавал гайхахгүй

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, МАХН-ын Онц их хурлын гишүүн Г.Бямбасүрэн нар өнөөдөр /2017.10.08/ Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


Тэд МАХН-ын Их чуулганыг зарлан хуралдуулах шаардлага үүсээд байгааг онцоллоо.

2012 оны УИХ-ын сонгуульд МАХН, МҮАН-тай нэгдэн орж, 11 суудал авч байсан бол 2016 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд тус бүр амжилтгүй оролцсон.

Мөн намын гишүүдээс нь “МАХН нэг хүний үгээр асуудалд хандаж, шийдвэр гаргадаг боллоо” гэх шүүмжлэл олонтаа гарч, намд шинэчлэл хийх ёстой гэх байр суурийг илэрхийлэх болжээ. Иймээс МАХН-ын Их чуулганыг зарлан хуралдуулж, МАХН-ын дарга Н.Энхбаяр тайлангаа тавьж, асуудлаа ярих цаг нь болсон гэж үзэж байна.

МАХН-ын Их чуулганыг зарлан хуралдуулахын тулд эхлээд Бага чуулганыг товлох ёстой аж. МАХН-ын дүрэмд зааснаар Бага чуулганыг намын дарга, Гүйцэтгэх товчоо, эсвэл Бага чуулганы гишүүдийн гуравны нэг нь шаардаж, дэмжсэн нөхцөлд зарладаг аж.

Энэ удаагийн Бага чуулганыг хийхийн тулд гишүүд нь гарын үсэг цуглуулж, намын удирдлагадаа хүргэхээр болжээ.

Дээрх мэдээллийг хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Нам дотор бодлогын зөрчилдөөн байна гэлээ. Ямар зөрчил байна вэ?

Г.Бямбасүрэн: Улс төрийн нам олонхиороо шийдвэр гаргадаг байтал МАХН-д хамтын удирдлагын зарчим алдагдсан. Нэг хүний бодлогоор явах ёсгүй, хамтын шийдвэрээр явах ёстой. Энийг засаж залруулахын тулд зайлшгүй Бага чуулган, Их чуулган хийх ёстой.

-Намын даргадаа хариуцлага тооцно гэж ойлгож болох уу?

О.Баасанхүү:-Намын их хурал хоёр жил тутамд хуралдах ёстой. Намын дүрэмд намын дарга дөрвөөс дээш удаа улиран сонгогдохыг хориглосон. Тийм учраас Н.Энхбаяр дарга намын их чуулганд ажлын тайлангаа тавиад, гишүүдээсээ эрхээ аваад явах эрх нь бий.

-Бусад намын хувьд сонгуульд амжилтгүй оролцсоны хариуцлагыг намын дарга нь хүлээгээд огцордог. Танай намын даргад ийм хариуцлага үйлчилдэггүй юм уу?

О.Баасанхүү:-Шууд Н.Энхбаяр дарга буруутай гэж хэлэхгүй. Энэ бүх хугацаанд тайван ажиллах боломж өгөөгүй. Сонгуульд оролцох боломж өгөөгүй, улс төрийн шахалт дарамт их байсан. Шууд хувь хүн рүү дайраад байх нь утгагүй, намын бүх хүмүүс л хариуцлагатай ажиллах ёстой байсан.

Г.Бямбасүрэн: Удаа дараагийн сонгуульд хангалтгүй оролцсон гэдэг нь тодорхой асуудал. Хариуцлага тооцох ёстой гэсэн заалт манай намын дүрэмд бий. Намын даргатай энэ асуудлыг тодорхой ярихад учир шалтгаан бий. Ямар нөхцөл байдалд дөрвөн жилийг өнгөрөөлөө. Тийм учраас цаад талд нь олон хариуцлага хүлээх субьект бий гэж үзэж байгаа. Ялангуяа Гүйцэтгэх товчоог удирдаж байдаг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга бий, цаана нь дэд дарга нар бий. Тэдэн дээр хариуцлага яригдана.

-УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзаж, тус намд орох асуудлаар ярилцсан гэх мэдээлэл байна. Та бүхэнд тодорхой мэдээлэл байна уу?

О.Баасанхүү: Уулзсан уу, үгүй юу гэдэг талаар мэдээлэл алга. Хувь хүмүүс хэзээ, хаана ямар асуудал ярьсан бэ гэдгийг мэдэх боломж байхгүй. МАХН, МАН бол нэг угшилтай. Шударга тал нь МАХН-д орчихсон. Тийм учраас шударга тал дээрээ цуглаад хамтын үйл ажиллагаа явуулъя гэдэг санаачилга аль ч талаасаа гарсан гайхах зүйл байхгүй гэж бид үзэж байгаа.

NEWS.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх