Агааржуулагчийн найрлагад хорт хавдар үүсгэгч бий

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
1

Агааржуулагч, үнэр дарагчийг хэрэглэдэггүй айл өрх, албан байгууллага ховор. Орчин үед та бидний өдөр тутмын хэрэглээ болсон агааржуулагч нь өрөө тасалгааг тансаг сайхан үнэртэй болгодог ч цаагуураа хүмүүсийг чимээгүйхэн хордуулж байгаад нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд түгших болжээ. Агааржуулагчийн найрлагад орсон бодис нь хүний биед ямар нөлөөтэй талаар ‘Ногоон титэм’ ХХК-ийн байгаль орчны шинжилгээний лабораторийн эрхлэгч Б.Алтангадастай ярилцлаа. 


-Агааржуулагчийн найрлагад хүний биед хортой ямар ямар бодисууд байдаг вэ? 

-Хүмүүс агааржуулагчийг элдэв янзын үнэрийг дарж байна гэж буруу ойлгодог. Агааржуулагч нь үнэрийг дарах биш илүү хурц үнэр ялгаруулан, дарангуйлж байдаг. Найрлага дахь бодисууд янз бүр. Агааржуулагч үйлдвэрлэх явцад формальдегид болон бензол гэсэн хоёр бодис үүсдэг гэдэг нь судалгаагаар нотлогдсон.

-Энэ хоёр бодис нь хүний биед ямар нөлөө үзүүлдэг бол?

-Агааржуулагч нь агаарт нарийн ширхэгтэй тоосонцор хэлбэрээр цацагддаг учраас хүний амьсгалаар дамжин биед ороод шууд цусыг хордуулах химийн бодисууд агуулсан байдаг. Формальдегид бодис нь амьсгалын замын өвчин болон харшил үүсгэж, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Мөн хамрын хөндийн хорт хавдар үүсэх шалтгаан болдог байна. Формальдегид бодисыг 2012 онд олон улсын хорт хавдрыг судлалын агентлагаас хорт хавдар үүсгэгч мөн гэж баталсан. Энэ бодис нь эсийн хөгжлийг гажуудалд хүргэдэг аюултай.

Харин бензол нь цусны хорт хавдар үүсгэдэг. Мөн мэдрэлийн системийг гэмтээдэг. Хүмүүс будаг үнэртээд толгой өвдлөө гэж ярьдаг шүү дээ. Энэ нь тухайн үнэрийг үнэртээд мэдрэлийн систем хариу үйлдэл үзүүлж байна гэсэн үг.

-Сүүлийн үед анхилуун үнэрт лааг түгээмэл хэрэглэх болсон. Эдгээр лааны хувьд агааржуулагчтай мөн адилхан хор нөлөөтэй юу?

-2015 онд хүж, агааржуулагч, үнэртэй лаа, машины үнэртүүлэгч зэргийг нарийн судалж дүгнэлт гаргасан байдаг. Эдгээрийн найрлага дахь бодисын хэмжээ тун хэвийн хэмжээнээс хэтэрсэн гэсэн дүгнэлт гарсан. Үнэртэй лаа агаарт байгаа хортой бодисыг шатааж байгаа ч өөрөөс нь бас нэг хорт бодис ялгарч л байдаг.

-Үнэртүүлэгч, агааржуулагчийн оронд юу ашиглабал зохистой гэсэн үг үү?

-Байнга үнэртүүлэгч бодис ашиглах нь бага насны хүүхдүүдэд асар хортой. Хүүхдүүдийн бие жижиг, амьсгал нь хурдтай, цусны эргэлт сайтай учраас биеэр нь хорт бодис хурдан тархдаг. Хэрэв танайх 10 наснаас доош насны хүүхэдтэй бол янз бүрийн үнэртэгч бодис бага ашигла. Элдэв хурц үнэр мэдрэлд нөлөөлдөг учраас хүүхдийн сурах хөгжихөд нь муугаар нөлөөлнө. Агаараа цэвэршүүлмээр байгаа бол агаараа чийгшүүл, цэвэршүүлэгч шүүлтүүр хэрэглэ гэж зөвлөе.

Мэргэжилтэн ийн өгүүлж байна. Агааржуулагчийг үнэрээ удаан барих үйлчилгээтэй болгохын тулд олон төрлийн химийн бодис ашиглаж, тэр бүгд эргээд хүний бие эрхтэнд сөргөөр нөлөөлж, аажим өвчлүүлдэг болохыг АНУ-ын Ореган мужийн байгаль орчны зөвлөл илрүүлжээ. Ихэнх үйлдвэрлэгчид агааржуулагчид ямар бодис орсон талаарх танилцуулга, хүний биед харшлах нөлөөтэй эсэх заавар бичдэггүйгээс хүмүүс аюулд өртөж байгаагаа тэр болгон мэддэггүй байна.

NEWS.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх