У.Хүрэлсүхийн танхимын сайдууд: Хэн нь хэн бэ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
10

Ерөнхий сайдыг эс тооцвол өмнөх Засгийн газраас нэг ч сайд У.Хүрэлсүхийн танхимд багтсангүй. Өмнөхөөс ялгарах нэг онцлог нь “мэргэжил”-ийн ч гэдэг юм уу өмнөө ямар нэгэн тодотголгүй, давхар дээлтнүүдээс бүрдсэн Засгийн газар байгуулагдаж байна. Харин Ерөнхий сайд нь өөрөө дан дээлтэй. Нэг иймэрхүү хачин хамаарал бүхий Засгийн газартай болж байна. Өөр нэг ялгаа нь давхар дээлтнүүд зөвхөн нэг дээлийнхээ цалин хөлсийг авна. Өөрөөр хэлбэл цалин давхардуулж авахгүй, аль нэг гишүүнийхээ цалинг авах юм байна. Ингэж харвал тарчигхан төсөвт бодит хэмнэлт болохын зэрэгцээ, дээрээсээ эхэлж бүсээ чангалж байгаа амьд жишээ болно.

У.Хүрэлсүхийн тэргүүлэх танхимын сайд нарын нэрс үндсэндээ тодорхой болчихсон. Хуваарь ёсоор өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Тэгэхээр сайдуудын нэр өнөөдөр парламаентын босго давна гэсэн үг.

Сөрөг хүчнийхний зүгээс нэг намын “эвсэл”-ийн гэж нэрлэгдээд байгаа шинэ Засгийн газрын сайдуудыг МАН-ын хоёр бүлэг тусдаа хуралдаж санал хураалтаар тодруулсан болохоор парламент дээр олонхийн дэмжлэгээ аваад явах боломжтой. Гэхдээ гурван сайдын асуудал байгаа. Тэдгээр нь Шадар болон Батлан хамгаалах, Байгаль орчны сайдаар хэн ажиллах нь одоогоор эцэслэн тогтоогүй, өмнөх нэр дэвшигчид нь Ерөнхий сайдад таалагдаагүй, ашиг сонирхлын зөрчилтэйд  тооцогдоод буй.  Харин оронд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин шадар сайдад, Н.Энхболд Батлан хамгаалахын, Н.Цэрэнбат БОНХ-ийн сайдад нэр дэвших нь тодорхой болж байна.

Одоогоор сайдад нэр дэвших нь тодорхой болоод байгаа шинэ Засгийн газрыг бүрдүүлэх гишүүдийн хэн нь хэн бэ, ямар намтар, мөртэй хүмүүс болохыг тодруулж харцгаая.

Шадар сайд Ө.Энхтүвшин

МАН-ын тулхтай боловсон хүчнүүдийн нэг. УИХ-ын гишүүнээр 4 дэх удаагаа сонгогдож байгаа. МУИС-ийг түүхч мэргэжлээрт төгссөн. Хожим нь  Москвад улстөрийн ухаанаар мэргэшсэн.  Тэрээр 2000 онд Засгийн газрын Хрэг эрхлэх газрын дарга бөгөөд Монгол Улсын сайд,  2006 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар, 2012 оны сонгуулийн дараа МАН-ын даргаар сонгогдон ажиллаж  байв.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар

Баянхонгорор овоглож явдаг тэрбээр ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч мэргэжлээр төгсөөд Зах зээлийн коллеж(ХҮДС)-д багшилж, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. 2000 оноос ХААН банкны дэд захиралаар ажиллаж байгаад 2004, 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2009 онд Гадаад харилцааны сайд, 2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, 2016 онд УИХ-д дахин сонгогдоод байгаа нэгэн.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд

Төв аймгийн тойргоос УИХ-д хэдэнтээ сонгогдож байгаа Н.Энхболд гишүүнийг сайдын зангараг туршалагатай хүн хэмээн тодотгодог. Тэрбээр 1979 онд Москва хотын Хэвлэлийн дээд сургуулийг Инженер- эдийн засагч мэргэжлээр төгсөөд  Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагчаар хөдөлмөрийн гараагаа эхэлжээ.  Хожим нь ЗХУ-ын Москва хотын КН-ын дээд сургууль төгссөн.  2000 онд анх УИХ-ын гишүүнээр сонгогдсноос хойш нийтдээ 5 удаа парламентад сонгогдож ажиллаж байна. 2006 онд Гадаад хэргийн сайд, 2007 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан.

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ

Булган нутгийн энэ эрхмийг тухайн салбарын хүн гэж тодотгож болно. Тэр ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг инженер мэргэжлээр төгсөөд тээврийн салбарт ажиллаж байсан нэгэн. 2000 онд   Авто Тээврийн газрын даргаар томилогдсон. 2007 оноос ЗТАЖ-ын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв.  Өнгөрсөн сонгуулиар УИХ-д анх удаа сонгогдоод буй.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа

Шинэ Засгийн газрын хоёр дахь эмэгтэй сайд тэрбээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамыг толгойлохоор болж байна. Тэрбээр 1992 онд Эрхүү хотын Улсын багшийн их сургуулийг багш, түүхч мэргэжлээр төгссөн. 2000 оноос Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга,  2004 оноос Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байв. Мөн 2008 оноос Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга,  2013 оноос МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2016 онд УИХ-д сонгогджээ.

Байгаль орчин, Ногоон хөгжлийн сайд Н.Цэрэнбат

УИХ-ы гишүүнээр анх удаа сонгогдсон. 2000 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургуулийг санхүүгийн менежментийн чиглэлэээр төгссөн. Хөдөлмөрийн гараагаа Мобиком корпорациас эхэлсэн.

2005-2010 онд “Увс хүнс” ХХК-ийн дэд захирал, 2015 онд Сангийн яамны Төсвийн хяналт, ЭУ-ын газрын дарга, 2015-2016 онд “Юу Эф Си” групп-т гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон, МАН-ын залуу үеийн төлөөлөл юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр төгссөөд МУИС-д багшилж байсан.  2000 оноос Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх,  2003 оноос Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2007 онд Түлш эрчим хүчний сайд, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан. 2008 оноос хойш УИХ-д гурав дахь удаагаа сонгогдоод байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

Монголчуудын хамгийн сайн танил улстөрчийн нэг тэрбээр парламентад 20 гаруй жил сууж байгаа. Хуучнаар ЗХУ-ын Ленинград хотын УИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн дэд сайдын албыг хашиж байгаад 1992 оноос хойш хууль тогтоох дээд байгууллагад тасралтгүй сонгогдож энэ хугацаанд Хууль зүй дотоод хэргийн сайдаар хоёр сонгуулийн хугацаанд хавсран ажиллаж, 2005-2007 онд УИХ-ын даргаар ажиллаж байсан, туршлагатай зангарагтай улс төрч.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл

ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөөд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактораар ажлын гараагаа эхэлсэн. “ММ” агентлагийн захирал болон Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактораар ажиллаж байсан. 2003 онд ТВ5 Телевизийг үүсгэн байгуулсан.  2004-2005 Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2011 оноос МАН-ын нарийн бичгийн дарга, 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар

Өвөрхангай аймгаар овоглодог.2007 оноос Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв. 2010 Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ын даргаар 7 жил ажилласан. 2012 УИХ-ын гишүүнээр сонгогдож, Нийслэлийн МАН-ын Сонгинохайрхан дүүргийн намын хороон даргаар ажиллаж байгаад 2016 онд УИХ-д дахин сонгогдсон.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар

Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1994 онд улс төр судлалын мэргэжлээр төгсөөд Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташегаар ажлын гараагаа эхэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр 2000 оноос ажиллаж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга  болон 2011 онд  Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан.  2013 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,  2014 онд Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдсон. 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг

Өвөрхангайн С.Чинзориг гэхээр иргэд сайн таних байх. Тэр энэ нутгаас УИХ-д хоёронтоо сонгогдоод байгаа юм. МУИС-ийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөн тэрбээр Өвөрхангай аймгийн ИХТ-ийн даргаар ажиллаж байгаад 2000 оноос Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар томилогдож 8 жил ажилласан, үндсэндээ энэ салбарын уугуул хүн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга болон Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад  2014 Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайдаар томилогдож байв. 2016 оны сонгуулиар УИХ-д сонгогдсон.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

Өмнөх парламентын үед тэр Хөвсгөл нутагтаа бие даан нэр дэвшиж УИХ-д сонгогдож байв. 2000 оноос хойш Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын даргаар 5 жил ажиллаж байсан. Харин 2005 оноос БСШУЯ-ны Санхүү эдийн засгийн газрын дарга,  Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн зөвлөхөөр ажилласан. Тэр 2008 оноос хойш УИХ-ын гишүүнээр нийтдээ 3 удаа сонгогдож, Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай.

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг

Тэрбээр УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдож байгаа ч давхар дээл өмсөхөөр болж байна. Түүнийг Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан гэдгээр хүмүүс илүү мэднэ. Мөнөөх Банхарын алдарт хөшөө түүний нэртэй холбогдон яригддаг. Тэр 1987 онд Чехословак улсын Хөнгөн үйлдвэрийн дээд сургуулийг эсгүүрчин, зохион бүтээгч мэргэжлээр, хожим нь ХААДС-ийг эдийн засагч мэргэжлээр төгсчээ. Өмнөх парламентын үед хэсэгхэн хугацаанд Хүнс, хөдөө аж ахуйн дэд  сайдаар ажиллаж байв.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан

Тэр МУИС-ийг автын инженер мэргэжлээр төгсч тээврийн байгууллагуудад мэргэжлээрээ ажиллаж байсан. 2000 онд Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2008 онд УИХ-ын гишүүнээр анх сонгогдож байв.  Монгол Улсын гавьяат эдийн засагч. 2014 оноос Аж үйлдвэрийн яамны дэд сайдаар ажиллаж байсан. 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсон. Одоо тэрбээр Монгол барилга, хот байгуулалтын салбарыг удирдахаар нэр дэвшээд байна.

Одоогоор сайдад нэр нь тодорхой болоод байгаа нэр дэвшигчдийн тухайд ийм  боловсрол мэргэжил, ажлын туршлагатай хүмүүс байна. Сайдад нэр  дэвшигчдийг өнөөдөр МАН удирдах зөвлөлөөрөө эцэслэн тохирч дараа нь бүлгийн хуралд оруулахаар болжээ.

Өнөөдөр үдээс хойш  УИХ-ын нэгдсэн хуралдаанаар тэдний сайдын карьер эцэслэн шийдэгдэнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх