Д.Доржпүрэв: Орхон аймгийн Сонгуулийн хороо татан буугдаагүй

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
2

Өнгөрөгч 2016 оны УИХ болон Орон нутгийн сонгуулийн үеэр гарсан маргааны асуудал Улсын дээд Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн тухай мэдээллийг хүргэж байсан билээ. Тэгвэл энэ хариу шийдвэр хэрхэн өрнөж, нөхцөл байдал ямар түвшинд явж байгаа тухай мэдээлэл авахаар Орхон аймгийн Ардчилсан намын гишүүн Д.Доржпүрэвтэй ярилцлаа.

Сур: Орхон аймгийн Улстөрийн халуун сэдвээр нэрлэгдээд байгаа дахин сонгууль явуулах шүүхийн шийдвэрийн талаарх мэдээлэл өгөөч. Анх яагаад ийм нөхцөл байдал бий болсон юм бэ?

-2016 оны ИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшсэн нэр бүхий 33 хүний материалыг Орхон аймгийн сонгуулийн хороонд хуулийн хугацаанд нь буюу 2016 оны 05 сарын 12-нд өгсөн. Гэтэл 2016 оны 05 сарын 17-ны өдөр Орхон аймгийн сонгуулийн хороо бид бүхнийг бүртгэхгүй гэсэн шийдвэр гаргасан.

Энэ шийдвэр нь бидний сонгох, сонгогдох эрхэнд ноцтойгоор халдсан бөгөөд Сонгуулийн хороо нь төрийн нэрийн өмнөөс хуулийн дагуу шударга, зөв шийдвэр гаргах ёстой атал хууль бус шийдвэр гаргасан тул энэхүү шийдвэр нь үнэхээр хуулийн дагуу шударга шийдвэр байсан эсэхийг тогтоолгохоор шүүхэд хандсан.

Түүнээс хойш 7 шүүх хуралдаан болж 16 сарын дараа бидний 29 нэр дэвшигчийг сонгуульд бүртгэн авч оролцуулах нь зөв байсан гэж Монгол Улсын Дээд Шүүхээс дахин сонгуулийг зарлан товлож, зохион байгуулахыг Орхон аймгийн сонгуулийн хороонд даалгасан шийдвэрийг эцэслэн гаргасан.

Сур: Дээд шүүхийн шийдвэр гарсан байсан, Хэзээ гарсан юм бэ?

-2017 оны 09 сарын 20-нд гарсан. Шүүхийн шийдвэр эцсийнх байдаг тул хуулийг хэрэгжүүлээч гэж хоёр удаа Г.Батдэлгэр даргад албан бичгээр хандсан.

 Сур: Орхон аймгийн Сонгуулийн хороо та бүгдэд ямар хариулт өгсөн бэ?

-СЕХ-оос Орхон аймгийн сонгуулийн хороог татан буулгасан тухай дурдсан албан бус бичгийг бидэнд өгсөн. Үүнийг бид үнэхээр гайхаж хүлээн авсан. Учир нь Дээд шүүхээс дахин сонгууль зарлаж зохион байгуул гэж шийдвэрлэсэн байхад Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/ татан буулгах шийдвэр гаргасан гэхэд итгээгүй. Тэр албан бичгийн хуулбар хувийг ч бидэнд үзүүлээгүй

Сур: Орхон аймгийн сонгуулийн хорооны тайлбар болон ИТХ-ын даргын ярилцлагаас харахад татан буугдсан мэдээлэл олон нийтэд хүрсэн байна . Энэ талаар та байр сууриа илэрхийлбэл:

-Бидэнд Сонгуулийн Ерөнхий хорооны 2017 оны 10 дугаар сарын 12-ны 348 тоот албан бичиг байна. Уг бичигт Г.Батдэлгэр даргатай, /нарийн бичгийн дарга М.Жанболат/ Орхон аймгийн сонгуулийн хороо татан буугдаагүй бөгөөд дахин сонгуулийн товийг зарлаж, зохион байгуулахыг мэдэгдсэн байгаа. /Бичгийн хувийг оруулав/сурСур: СЕХ-ны 348 тоот албан бичиг байсаар байтал Орхон аймгийн сонгуулийн хороог татан буугдсан мэдээлэл яагаад гарах болсон юм бол?

-Уг мэдээллийг гаргасан хүмүүсээс асуусан нь зөв болов уу. Ер нь дунд шатны сонгуулийн хороог татан буулгахад албан бичгээр бус СЕХ-ны албан ёсны хурлын тогтоол шийдвэрийг үндэслэн татан буугддаг гэдгийг хүн бүр мэдэх байх

Сур:Ардчилсан намын дотоод үйл ажиллагаанаас болж ийм нөхцөл байдал үүссэн гэж зарим эх сурвалж хэлээд байгаа .Таны хувьд  ямар хариулт өгөх вэ?

-Сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн улс төрийн нам, бие даагчид хуулийн шаардлагад нийцүүлэн Сонгуулийн хороонд материалаа өгдөг. Сонгуулийн хороо тэдгээрийг нягталж үзээд хуулийн дагуу бүртгэж авах эсхүл бүртгэж авахгүй гэсэн шийдвэрээ гаргадаг. Энэ процесст хамаг учир байгаа. Сонгуулийн хороо бол төрийн нэрийн өмнөөс хуулийн дагуу шийдвэр гаргах үүрэгтэй байгууллага. Уг шийдвэр гаргахдаа хууль бус шийдвэр гаргасан гэдгийг Дээд шүүх тогтоосон

 Сур: Дээд шүүхийн шийдвэр гарлаа энэ хүртэл явсаны эцсийн зорилго юу бол?

-Бид хойч үедээ ямар Төрт ёс, өв уламжлалыг үлдээх гэж зорьж байгаа вэ гэдгээс хариулт эхлэх болов уу. Өнөөдөр бид хууль бус зүйлийг тогтоож, зогс гэж хэлэх цаг нь болсон гэж боддог. Магадгүй 2020, 2024 оны сонгуулийг зохион байгуулахад 2016 онд хууль бус шийдвэр гаргадаг байсан тул зүгээр зүгээр гэж өнгөрөөгөөд байвал Төрдөө итгэх итгэлтэй иргэд хэр олон байх бол? Улмаар Төрийн эрхийг хууль бусаар авбал юу болох бол? Үр дүнд нь иргэд олон нийт хэрхэн хохирох бол? гээд олон зүйл бий. Бид энэ үндсэн дээр шударга ёсыг нэхэж шүүхэд хандсан гэж хэлэхэд болно

 Сур: Дахин сонгуулийн төсвийн асуудлыг хэрхэх бол ?

 –СЕХ-ны 2017 оны 09 сарын 28 ны өдрийн 340 тоот Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд болон аймгийн сонгуулийн хороонд хаягласан албан бичигт сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар орон нутгийн Хурлын нөхөн, дахин, ээлжит бус сонгуулийн зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх тул шаардагдах зардлыг ирэх оны төсөвтөө тусгах нь зүйтэй гэж цагаан дээр хараар тод бичсэн байна лээ.

Сур: Ярилцлагын төгсгөлд одоогийн Нутгийн удирдлагуудад хэлэх зүйл байна уу?

-Байхгүй ээ. Дээд шүүхээс дахин сонгуулиа товлон зарлаж, зохион байгуулахыг даалгасан тул Орхон аймгийн Сонгуулийн хороо, түүнийг бүрдүүлж байгаа гишүүд нь хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг хүлээж байгаа.

                                                                                                    Сур:  Ярилцсанд баярлалаа

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.