Трампын хөрөнгө 600 саяар хорогджээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Америкийн баячууд улам бүр хөрөнгөжсөөр байна. Гэхдээ Дональд Трампаас бусад нь.

Forbes сэтгүүл “АНУ-ын хамгийн баян 400 хүн” жагсаалтаа шинэчлэн танилцуулав. Түүнд дурьдсанаар тэрбумтан ерөнхийлөгчийн хөрөнгө өнгөрсөн жилийнхээс 600 сая ам.доллараар хорогдож, 3.1 тэрбум болсон гэнэ. Ингэснээр жилийн өмнө жагсаалтын 156-д эрэмбэлэгдэж байсан төрийн тэргүүн 92 байр ухарч, 248 дугаарт бичигджээ.

Нью-Йоркийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл таагүй нөхцөлд байгаа, мөн шүүхийн асуудлаар хуульч, өмгөөлөгч нарт өндөр үнэ төлсөн боловч их хэмжээний төлбөрт унасан, ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд асар их мөнгө зарлагадсан зэрэг шалтгаанаар Трампын хөрөнгө багассан гэж Forbes дүгнэжээ.

АНУ-ын баячуудын хөрөнгийг бүхэлд нь авч үзвэл чамгүй хэмжээгээр өссөн байна. Жагсаалтад нэр нь багтсан 400 эрхмийн хөрөнгө нийлээд 2.7 их наяд ам.доллар болсон нь шинэ рекорд гэнэ.

Жагсаалтыг Microsoft-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтс 89 тэрбумын хөрөнгөөр тэргүүлж, араас нь Amazon-ы Жефф Безос /81.5 тэрбум/, Walmart-ын Уоррен Баффет /78 тэрбум/ нар бичигдсэн байна.

Facebook-ийн босс Марк Цукерберг хөрөнгөө хамгийн ихээр арвижуулсан эрхмээр нэрлэгджээ. Forbes сэтгүүлийн тооцооллоор Цукерберг нэг жилийн хугацаанд хөрөнгөө 15.5 тэрбум ам.доллараар ихэсгэж чадсан. Ингэснээр түүний хөрөнгө 71 тэрбумаар үнэлэгдэж байна.

АНУ-ын хамгийн чинээлэг 400 хүний хамгийн залуу нь Snapchat-ыг санаачлагч, 27 настай тэрбумтан Эван Шпигел. Тэрбээр 3.1 тэрбум ам.долларын хөрөнгөөр жагсаалтын 248 дугаарт бичигджээ. Харин хамгийн ахмад нь 94 настай Александр Спанос. Тэрбээр орон сууцны барилгаар хөлжсөн нэгэн бөгөөд өдгөө америк хөлбөмбөгийн “Сан Диего Чаржерс” багийн эзэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх