ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТЛУТЫН МЭНДЧИЛГЭЭ

1
Like
Like Love Haha Wow Sad Angry

Эрхэм хүндэт Эрдэнэтчүүд ээ

Эрдэнэт хотод ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэд ээ.

Та бүхэнд айлчлан ирж буй шинэ оны халуун мэнд хүргэж, амьдралд тань аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 Улиран одож буй 2016 он улс төр, эдийн засаг, соёл, урлаг, спорт гээд Монгол Улсын нийгмийн амьдралын бүхий  л салаа мөчирт үр жимсээ өгч, ул  мөрөө үлдээсэн өвөрмөц содон жил байлаа.

2016 он Монголчууд тэр дундаа Эрдэнэтчүүд та бидний хувьд олон тэгш ой тохиосон,   төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгууль,  Ази-Европын дээд хэмжээний уулзалт зэрэг түүхэн үйл явдал,  амжилт бүтээлийн арвин жил боллоо. УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар ард түмэн МАН-д итгэл хүлээлгэсэн нь  “ТЭГШ ЖУРАМТ, ХҮЧИРХЭГ МОНГОЛ” –ыг цогцлоох түүхэн сонголт болсоныг тэмдэглэхэд таатай байна.

Бид XX зууны манлай бүтээн байгуулалт, “Д.Сүхбаатарын одонт”  Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо түүхт 40 жилийн ойг  ёслол төгөлдөр тэмдэглэж  хөдөлмөрч, бүтээлч Эрдэнэтчүүдээрээ бахархсан сайхан жил байлаа. Тэмдэглэлт ой гэдэг бол хийж бүтээсэн ажлаа дүгнэж, өнөөдрөө тодорхойлж, ирээдүйгээ төлөвлөх цаг хугацааны нэгэн хэмжүүр болдог билээ.

Улиран одож буй  2016 онд   аймгийн хэмжээнд аж үйлдвэрийн салбарт 1.2  их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж,  1.3 их наяд төгрөгийн борлуулалт хийж, нэг га-аас авсан ургацын хэмжээгээрээ улсын дунджаас дээгүүр үзүүлэлт үзүүлсэн амжилтаар  хуучин оноо үдэж байна.

Шинэ оны босгон дээр бид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хоттой “Найрамдалт харилцаа” тогтоож хамтын ажиллагаагаа улам бататгаж гадаад харилцаагаа өргөжүүлж байгааг тэмдэглэхэд таатай байна.

Айлчлан ирж буй 2017 оныг  бид  Хүний хөгжлийг зорилгоо болгож, ажилтай, орлоготой иргэд, айл өрхийн тоог нэмэгдүүлж, “Эрдэнэт -шинжлэх ухаан технологийн парк” байгуулж аймгийн Засаг даргын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, их бүтээн байгуулалтын гарааны жил болгож байгааг дуулгахад сайхан байна.

Монголыг дэлхийд таниулсан бүтээн байгуулалтын эзэд, анхдагчид, илгээлтийн эзэд, барилгачид, Эрдэнэтийн иргэд та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндийг дахин дэвшүүлж ирэх ондоо аз жаргал, амжилт бүтээлээр бялхаж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Орхон аймаг Эрдэнэт хот маань улам хөгжин цэцэглэх болтугай.

Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч

                                                                   Дамбын БАТЛУТ

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.