О.АЛТАНСҮХ: Ирэх онд хэрэгжих “Эрүүл мэнд” хөтөлбөрт 150 сая төгрөг зарцуулна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

2018 онд “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагсдын дунд хэрэгжүүлэх “Эрүүл мэнд” хөтөлбөрийн төлөвлөгөө батлагдлаа. Уг хөтөлбөрийн хүрээнд шинэлэг хийгээд онцлог ямар төсөл, үйл ажиллагаа явагдах талаар ХАБЭАБОХ хэлтсийн лабораторийн дарга О.Алтансүхээс тодрууллаа.

“Эрүүл мэнд” хөтөлбөр хэдэн он хүртэл хэрэгжих вэ?
2018-2022 он хүртэл хэрэгжих “Эрүүл мэнд” хөтөлбөр батлагдсан. Энэ хүрээнд жил бүр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлагдаад явдаг. Ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Спорт цогцолбор, “Уурхайчин” соёлын ордон, ХАБЭАБОХ хэлтэс, Технологийн сургууль, “Эрдэнэт” сувиллын цогцолборын хамтарсан ажлын хэсэг хуралдаж ирэх онд хийх ажлаа тодорхойллоо. Эдийн засгийн хэлтэс компанийн биенес төлөвлөгөөнд зардал суулгах ажлыг хариуцан оролцдог.

Хэрэгжих төслийг хэрхэн сонгодог вэ?
“Эрдэнэт” сувиллын цогцолборын эмч нараас маш олон төсөл ирсэн. Бид комиссын хурлаар хэлэлцээд хэрэгжих боломжтой, үр дүнтэй гэсэн төслийг төлөвлөгөөнд оруулсан байгаа. Хөтөлбөр маань компанийн ажилтнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийг дэмжих үйлчилгээг өргөжүүлэх, хувь хүнийг төлөвшүүлэх, эрүүл ажилтныг дэмжих, удирдлагын оролцоог нэмэгдүүлэх гэсэн чиглэлээр 10 гаруй төсөл хэрэгжинэ.  Үйлдвэрийн цехүүдийн ажлын байр руу чиглэсэн ажлууд түлхүү хийгдэх юм.

Онцлог төслүүдийг тодорхой танилцуулбал…?
Тухайлбал, “Алжаал ядаргааны хөтөлбөр” хэрэгжинэ. Энэ нь Оюутолгойд хэрэгждэг хөтөлбөр л дөө. Ээлжийн ажиллагсдад тэр дундаа технологийн тээврийн жолооч нарт “Ухаалаг малгай” хэрэглүүлэх төсөл. Эхний ээлжинд Белазын жолооч нарт өмсүүлж турших юм. Шаардлагатай гэж үзвэл бүх жолооч нарт чип карт бүхий ухаалаг малгай өгнө. Энэ малгай нь ядаргааны түвшинг тогтоодог. Анхаарал сулрах үед дохио өгч сэргээнэ. Шөнийн ээлжийн жолооч нарыг үүрэглэх эрсдэлээс хамгаална. Энэ төслийг Хөгжлийн хэлтэстэй хамтарч хэрэгжүүлэх юм. Австралийн компаниас үнийн санал ирсэн байгаа.

Ямар үнэтэй эд вэ?
Эхний жил 10-аад малгай авч энэхүү төслийг хэрэгжүүлэхэд 63000 доллар зарцуулахаар байгаа. Дараагийнх нь “Амьсгал хамгаалах хөтөлбөр”. Бидэнд Мэргэжлийн хяналтын газраас албан шаардлагын дагуу чиглэл өгсөн байдаг. “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд мэргэжлээс шалтгаалах өвчинтэй 900 гаруй тохиолдол бүртгэгдсэний 70 хувь нь тоосны шалтгаант өвчлөл эзэлж байгаа. Иймээс ажлын байран дахь эрүүл мэндийн сөрөг нөлөөлөл болох аюултай тоос тоосонцор, утаа, уур хийн аюулаас ажиллагсдын амьсгалын эрхтнийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Амны хаалтуудын тохиргоог тест хийх замаар тодорхойлно. Жишээ нь Засвар механикийн заводын Цутгуурын цех, Дулаан цахилгааны төв, Ган бөмбөлгийн цехийн ажилчдад ямар төрлийн маск илүү тохирохыг хэрэглүүлэх юм. Хөгжлийн хэлтсээс чиглэл өгсний дагуу “Эрүүл мэнд” хөтөлбөрийн төлөвлөгөөнд зардлыг нь суулгаж хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ мөн л Оюутолгой компанид хэрэгждэг хөтөлбөр.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.