Шинэ жилийн баярын мэндчилгээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Эрхэм хүндэт ард иргэдээ

Алслан одож байгаа 2017 он үйл явдлаар баялаг, өөрийн гэх тод мөртэй, ухаарал сургамж хайрласан түүхэн жил байлаа. Хүн бүхэн хийсэн бүтээснээ дүгнүүлж, улс эх орон, амьдрал ахуйд гарсан эерэг өөрчлөлтийн талаар дүгнэн хэлэлцэх шинэ жилийн баяр айл бүрийн хойморт аз жаргал түгээж байна.

2017 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаснаар аз жаргалтай иргэд бүхий 9 бүлэг 165 арга хэмжээний хэрэгжилтийг Баян-Өндөр сумын ИТХ-аар хэлэлцэн 91,1 хувьтай хэмээн дүгнэлээ. Мөн Баян-Өндөр сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2017 оны жилийн эцсийн  хэрэгжилт  80,8 %-тай дүгнэгдэж олон шинэ бүтээн байгуулалтууд өрнөж, Баян-Өндөр сумын иргэд олон нийтийн ая тухтай амьдралын төлөө хийхээр төлөвлөсөн багагүй ажлууд биелэлээ олжээ.

Эх орны хөгжил дэвшил сумын хөгжлөөс эхэлдэг. 2017 онд Баян-Өндөр сумын орон нутгийн хөгжлийн сангийн 2,1 тэрбум төгрөгөөр  бүтээн байгуулалт өрнүүлж сургуулийн гаднах биеийн тамирын талбайн тохижилт, хүүхдийн тоглоомын талбай шинээр байгуулахад ихэнх хөрөнгө оруулалтыг зарцууллаа. Нийт 6 байршилд хүүхдийн тоглоомын талбай байгуулсан бол Дэнж багийн 7 дугаар сургууль, Говил багийн 2 дугаар сургуулийн гаднах биеийн тамирын талбайн иж бүрэн тохижилтын ажлыг дуусгаж хүүхдүүдийн эрүүл чийрэг байж, спортоор хичээллэх орчныг бүрдүүллээ.

Мөн иргэдийн дунд нийтийн биеийн тамирыг сурталчлах, хүүхэд залуучуудын бие бялдрын хөгжлийг сайжруулах, төрийн албан хаагчдын идэвхитэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор Баян-Өндөр сумын хэмжээнд спорт заал шинээр барьж байгууллаа. Энэхүү бүтээн байгуулалтын ажилд нийт орон нутгийн хөгжлийн сангийн 392 сая төгрөгийг зарцуулсан юм.

Мөн шинээр 9632 мкв явган хүний зам, 2435 мкв автомашины зогсоолын өргөтгөл, 35 байршилд автомашины гарц барьж байгууллаа. Мөн багуудын иргэний танхим, сургууль цэцэрлэгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгууллаа.

 

Эдгээр ажлууд нь Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгчдийн шийдвэрээр хөрсөн дээр бууж хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлж өгдөг. Баян-Өндөр сумын ИТХ нь 2017 онд ээлжит 7 удаагийн хурал, ээлжит бус 1 удаа хуралдаж нийт 24 тогтоол гаргасан бол тэргүүлэгчид 43 удаа хуралдаж 109 тогтоол гарган ажилласан байна.

Орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор сум хөгжүүлэх сангийн санхүүжилтээр 41 иргэнд нийт 349,500,000 мянган төгрөгний зээл олгож нутгийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл зах зээлд бий болоход хөрөнгө орууллаа.

2017 он та бидэнд урам зориг нэмсэн амжилт ялалт, ухаарал бодрол, сургамж эргэцүүлэл аль алиныг нь үлдээн улиран одож байна. Ирж буй 2018 он бид бүхний хувьд зорилго, зорилтоо биелүүлсэн, амжилт бүтээлээ ахиулсан он жил байх болно гэдэгт  итгэлтэй байна.

Эрдэнэт хотын бүтээлч хөдөлмөрч иргэд та бүхэндээ шинэ оны баярын мэнд дэвшүүлж аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ЖАРГАЛТАЙ ХОТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

БАЯН-ӨНДӨР СУМЫН ЗАСАГ ДАРГА С.ГАНЦОГТ

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх