ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТЛУТЫН МЭНДЧИЛГЭЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
                                  Та бүхэнд айлчлан ирж буй шинэ оны баярын мэнд дэвшүүлье.
Улиран одож буй 2017 онд Эрдэнэтчүүд бидний хувьд итгэл, сэтгэл дүүрэн, амжилт, ололт арвин, үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол гээд нийгмийн салбар бүрт амжилт, үр дүн гарсан  сайхан жил байлаа.
ХХ зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот, Орхон аймгийн бодлого, шийдвэр бүр  ХҮНИЙ ХӨГЖИЛД чиглэгдэж, түүнийг бодит ажил хэрэг болгох дэд хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлсэн нь бидний ажлын онцлог жил болж байна.
Өнгөрсөн онд “Эрдэнэтчүүд, Эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөрийн хүрээнд  993 шинэ ажлын байр бий болж,  “Эмч”, “Багш” дэд хөтөлбөрийн хүрээнд 90 гаруй эмч, багш “Нийгмийн дэмжлэгийн сан”-д хамрагдаж, дээрх салбарын  20 гаруй ажиллагсад гадаадад мэдлэг боловсролоо дээшлүүлсэн байна.
2017 онд “Эрдэнэт” Шинжлэх ухаан, технологийн паркийн дэргэд  импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх  Гагнуурын электродын үйлдвэр болон Хүний Экологийн төвөө байгуулж “Элэгний вирусгүй Эрдэнэт” хот болох зорилтыг улсын хэмжээнд анхлан дэвшүүлж, хорт хавдарыг эрт үед  нь илрүүлэх  үзүүлэлт 35 хувь болсон нь улсын дунджаас 7 дахин их байгаа юм.  Мөн нярайн эндэгдэл өнгөрсөн онд дөрөв дахин буурсан үзүүлэлтэй байна.
Түүнчлэн энэ онд Эрдэнэ багт 640 хүүхдийн сургууль, Даваат багт сургууль, цэцэрлэгийн цогцолбор, Дэнж багт 20 дугаар цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орж  Цагаанчулуут багт 280 хүүхдийн цэцэрлэгийг хүлээн авахад бэлэн боллоо.
Улиран одож буй 2017 онд Эрдэнэтчүүд бид  анх удаа “Эрдэнэт хотын өдөр”-өө тэмдэглэж Эрдэнэт хотоороо бахархах, түүх, соёлоо түгээн дэлгэрүүлэх олон талт үйл ажиллагаа зохион байгууллаа.
2017 онд хийсэн, санаачилсан, хэрэгжүүлсэн бодлого, шийдвэрийн үр дүнгээ бид аймгийн ИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцүүлж Үндсэн чиглэлийн биелэлтээ 89.4 хувь, Засаг даргын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийн 2017 оны биелэлт 86.8 хувь, үүнийг дөрвөн жилийн  үзүүлэлтээр авч үзвэл 42.2 хувийн биелэлттэй буюу “Хангалттай” үнэлгээ авч дүгнэгдлээ.
Нийт Эрдэнэтчүүд та бүхэндээ  айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэндийг дахин хүргэж 2018 онд амжилт бүтээлээр арвин, аз хиймориор дүүрэн байж, эрүүл, саруул байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
                            Орхон аймаг, Эрдэнэт хот маань  цэцэглэн хөгжих болтугай.
            ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ  Д.БАТЛУТ
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх