ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

1
Like
Like Love Haha Wow Sad Angry
Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут иргэдтэйгээ аль болох ойр байж, тэдний санаа бодлыг сонсож үйл ажиллагааныхаа чиглэлд тусгаж ажиллахыг эрхэм болгож байгаа. Энэ ч үүднээс 2017 оны 3 дугаар сард бүх багуудаар явж иргэдтэй уулзалт зохион байгуулсан.
Тэгвэл 2018 он гараад удаагүй байгаа энэ цаг үед дахин багуудаар явж өмнөх уулзалтын үеэр иргэдээс гарсан санал, хүсэлтийг хэрхэн ажил хэрэг болгосон хийгээд, хийж хэрэгжүүлж байгаа ажлаа иргэдэд хүргэх үүднээс өнөөдрөөс эхлэн багуудаар явж уулзалт хийж эхэллээ. Энэ удаагийн уулзалтаа өнөөдөр Баян-Өндөр сумын Цагаанчулуут, Наран, Рашаант, Уртын гол багийн иргэдтэй гэр хороолол дахь “Баян-Өндөр” соёлын төвд 13 цагаас эхлүүллээ.
“Баян-Өндөр” соёлын төвд багтахгүй шахам цугласан иргэдэд Орхон аймгийн ЗДТГ-ын зүгээс 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын товч тайланг видео хэлбэрээр болон “Иргэн танаа” сониноор дамжуулан хүргэж, өмнөх уулзалтын үеэр иргэдийн дэвшүүлсэн санал, хүсэлтийг хэрхэн биелүүлснээ тайлагнав.
Засаг даргын уулзалтад Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Б.Баасансүрэн, Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт, ЗДТГ-ын хэлтсийн дарга нар болон төрийн үйлчилгээг хүргэж буй агентлаг, байгуулагын дарга, удирдлагууд мөн оролцож байгаа нь иргэд уулзалтын үеэр хүссэн асуултандаа шууд хариулт авах, зарим нэг асуудлаа газар дээр нь шийдвэрлүүлэх боломжтой юм.
2017 оны 3 дугаар сард иргэдтэй хийсэн уулзалтаас хойш Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут түүний багийн хийж хэрэгжүүлсэн ажилд иргэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.
Гэхдээ иргэдийн зүгээс гарч буй санал хүсэлтэд ихэвчлэн гэр хорооллын айл өрхүүдээс гарч буй утааг бууруулах, инженерийн шугам сүлжээг гэр хороололд оруулснаар утаат цэгийн тоог багасгах, агаарын бохирдлыг бууруулах, хяналтын камерийн тоог нэмэгдүүлэх, эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээг шуурхай хүртээмжтэй болгох, Хот тохижуулах газрын ажиллагсдын харилцааны соёлд анхаарах, айл өрхүүдийн хог ачилтын давтамжийг ойртуулах, гэр хорооллын гудамжуудын гэрэлтүүлгийн асалтад анхаарал хандуулах, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байраар хангах зэрэгт анхаарч ажиллахыг хүсч байгаагаа илэрхийлж байв.
Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут дараа нь 17 цагаас Зэст, Хүрэнбулаг багийн иргэдтэй 4-р сургуулийн хурлын танхимд уулзах юм.

Мэдээллийн төв

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх