Хөдөлмөрийн хамт олны төлөөлөгчид чууллаа

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭАБОХХ-ийн хамт олон өнгөрсөн 2017 онд компанийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээ хэлэлцэж, шинэ оны зорилтоо тодорхойллоо. Тус үйлдвэрт “Нэн түрүүнд ХАБ” уриан дор хэрэгждэг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хамгааллын бодлого, хөтөлбөр бусад уул уурхайн компаниудад жишиг болсон гэж мэргэжилтнүүд үнэлдэг. Иймээс хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, аюул эрсдэлгүй ажиллах нөхцөл боломжийг бий болгоход үйлдвэрийн зүгээс өндөр анхаарал тавьж ажиллаж байна.
Өчигдөр буюу энэ сарын 11-ний өдөр ХАБЭАБОХХ-ээс “ХАБЭА ба Ажилтны оролцоо” сэдэвт бага хурлыг зохион байгуулж, уурхайчид, хөдөлмөрийн хамт олны төлөөлөгчидтэй нээлттэй хэлэлцүүлэг хийв. Мөн энэ үеэр үйлдвэрийн цех нэгж бүр ХАБЭА-н ажлын тайлангаа үзэсгэлэн хэлбэрээр гаргаж, халуун хоол үйлдвэрлэлийн Хаан бууз, Од дөл компаниуд амталгаат үйлчилгээ үзүүллээ.
Хөдөлмөрийн хамт олны төлөөлөгчдийн бага хурлын үйл ажиллагааг тус үйлдвэрийн Үйл ажиллагаа хариуцсан орлогч бөгөөд Ерөнхий инженер Д.Эрдэнэцогт нээж, бүтээлч хамт олондоо шинэ оны мэндчилгээ дэвшүүлсэн.  Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээрх төлөвлөгөө амжилттай хэрэгжиж, үйлдвэрлэлийн осол авааргүй ажиллах олон дэвшилтэд алхам хийгдсэнийг ХАБЭАБОХХ-ийн дарга Д.Цагаан-Эрдэнэ тайландаа онцоллоо. Энэхүү ололтод үйлдвэрийн ажиллагсад, уурхайчдын зөв хандлага онцгой үүрэгтэй байсныг мөн тодотгов.  Бага хуралд Засвар монтажийн цехийн дарга Х.Баяраа, Технологийн сургуулийн орлогч захирал Д.Хүрэлбаатар, Эрдэнэт сувиллын цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэг нар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, сургалт, ноцтой эрсдлийн үнэлгээ зэрэг өөр өөрсдийн цех нэгжийн хариуцсан чиглэлээр илтгэл тавьж, 2017 оны ажлын үзүүлэлтийг танилцуулав.  Мөн энэ үеэр Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн биелэлтэнд хуввь нэмрээ оруулж, идэвх зүтгэлтэй ажилласан ажилтнуудыг төр захиргааны болон ХАБЭАБОХХ-ийн шагналаар урамшууллаа.
Бага хурлын төлөөлөгчид хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хөтөлбөрүүд өнгөрсөн онд  хүртээмжтэй, бодитой байсныг үнэлэхийн зэрэгцээ цаашид үйл ажиллагаандаа тусгавал зохих олон санал санаачилгыг гаргасан. Тухайлбал, ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн чанар үйлчилгээ, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт сурталчилгааны агуулга, ажлын багаж хэрэгсэл, хувцасны хүртээмж, загвар хийц, хөдөлмөрийн хүнийг урамшуулах оновчтой тогтолцоо зэрэг олон сэдвээр санал бодлоо хэлсэн нь удирдлагуудын зүгээс сайшаал хүртсэн юм.  Бага хурлын үйл ажиллагааны төгсгөлд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн төлөөлөгчдөд хандаж хэлсэн үгэндээ “Бид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журмыг баримтлан ажиллаж, аюул эрсдэлгүй байхад олон талын хүчин зүйл нөлөөлж байгаа. Үүний дотроос хамгийн чухал нь уурхайчид та бүхний зөв хандлага, чин сэтгэл юм” гэж тодотгосон.
Шинэ онд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр олон шинэлэг ажлын төлөвлөгөө хэрэгжинэ. Ирэх гуравдугаар сард Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд “ХАБЭА ба хамтын оролцоо-2018” форумыг уул уурхайн салбарын бодлого тодорхойлогч байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ.

Erdenettoday.mn

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.