Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

2017 оныг өөдрөг үдсэн зэсийн үнэ шинэ онд ч өсөх хандлагатай байна. Энэ оны турш үргэлжлэх эдийн засгийн өсөлтийн ачаар аж үйлдвэрийн чухал түүхий эд – суурь металлын нөхцөл сайжирсаар. Эдийн засгийн өсөлт нь зэсийн ирээдүйг гэрэлтүүлэх хэдэн шалтгааны ердөө ганц нь хэмээн тайлбарласан Bank of America Merril Lynch 2018 оны дунд үе гэхэд нэг тонн зэсийн үнэ 7700 ам.долларт хүрэх тооцоог гаргав. Эдүгээ зэсийг Лондоны металлын биржид тонныг нь 7221 ам.доллараар арилжиж байгаа.

Хятадад уг металлын эрэлт тогтвортой байгаагийн зэрэгцээ дэлхийн бусад хэсэгт ч хэрэглээ өссөнийг Bank of America тайлбарлав. “Азийн улсууд аж үйлдвэрийн металлын эрэлтийг тодорхойлогч байхаа больсон. АНУ болон дэлхийн бусад хэсэгт эдийн засаг сайжирсан нь аж үйлдвэрийн металлын эрэлтийг ихэсгэлээ” хэмээн тус банкны металлын стратегич Майкл Уидмер өгүүллээ.

Нийлүүлэлтийн хувьд Чили, Перуд ажилчид, ажил олгогчдын хооронд яриа хэлэлцээ амжилттай өрнөж чадахааргүй байгаа нь үнэ өсөх бас нэг нөхцөл хэмээн тэрбээр үзэж байна.

Францын BNB Paribas банк ч суурь металлын үнэ өсөх тооцоог гаргажээ. Хөгжиж буй орнуудын үйлдвэрлэлээс гадна дэд бүтцэд зориулсан зардал ихэссэн нь зэсийн үнэд сайн нөлөөтэйг тус банк анхааруулсан юм.

Хөгжингүй орнуудад дэд бүтцийн аварга шинэчлэл өрнүүлэх шаардлага тулгараад байгааг Францын банк 2018 оны гол 10 хөрөнгө оруулалтыг тооцоолсон судалгаандаа дурджээ. “Хөгжиж буй зах зээл, дэд бүтцийн шинэчлэл, хотжил нь үйлдвэрлэлийн металлын хэрэгцээг шинэ шатанд дэвшүүлэх суурь” хэмээн уг судалгаанд тайлбарлав.

Эх сурвалж: ”засгийн газрын мэдээ” сонин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.