ЗАСАГ ДАРГА Д.БАТЛУТ ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН ХЭСЭГТ АЖИЛЛАЛАА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Аймгийн Засаг дарга Д.Батлут Жаргалант сумын өвөлжилт хүндэрч буй хэсгийн малчин өрхүүдэд очлоо. Түүнтэй хамт АИТХ-ын тэргүүлэгч Д.Эрдэнэбат, Жаргалант сумын Засаг дарга Б.Зоригтбаяр болон ОБГ-ын алба хаагчид, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын  хэлтсийн байцаагч, хүн, малын эмч явсан юм.

Энэ жилийн хувьд цас их орсон, малчид бэлтгэсэн өвс, тэжээлээ хэрэглэж дууссан, мал сүргийн дийлэнх нь тамирдсан байгааг малчид хэлж байв. Жаргалант сумын Засаг дарга Б.Зоригтбаяр хэлэхдээ “Манай сумын хэмжээнд мал бүхий 650 өрх өвөлжиж байна. Цасны зузаан 45-50 см болсон. Сумын ЗДТГ-аас нөөцөд авсан 150 тонн өвс, 100 тонн тэжээлийг айлуудад олгосон. Одоо 6200 боодол өвсийг дахин олгохоор ажиллаж байна. Үүнийг хүнд нөхцөлд байгаа айлуудад олгоно” гэлээ. Мөн Улсын онцгой комиссосс манай аймагт 50 тонн өвс, 50 тонн тэжээл өгөхөөр болсон. Үүнийг ирэх сарын эхээр хуваарилах юм.
Аймгийн Засаг дарга Д.Батлут өвөлжилт хүндэрч буй айлуудад очихдоо тус бүрт нь 8 шуудай тэжээл, иргэд, ААН-ээс цугларсан лаа, чүдэнз, гар чийдэн тэргүүтэй бараа таваарыг олгосон. Мөн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс дээрх өрхийн гишүүдийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, энэ оны эхний гурван сарын төлөлтийг нь хийж өгсөн юм. Мөн хүний эмч малчдад эрүүл мэндийн үзлэг хийж, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг олгон, зөвлөгөө өглөө. Түүнээс гадна малын эмч мал сүргийн байдалтай танилцаж, малчдыг шаардлагатай зөвлөгөө, мэдээллээр хангалаа. Засаг дарга өнөөдөр буюу энэ сарын 26-нд Баян-Өндөр сумын мал бүхий өрхүүдэд ажиллана.
Дашрамд дурдахад, Аймгийн хэмжээнд мал аж ахуйн өвөлжилт хүндэрч байгаа тул малчдад хүрч ажиллах ажлын хэсэг байгуулагдаж 9 чиглэлд  ажиллаж байна.
 
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.