Булган аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий: Түүхт 80 жилийн ой өргөн дэлгэр, сайхан болно гэж итгэж байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Анхдагч алдартнуудаараа алдартай Булган аймгийн түүхт 80 жилийн дөрөөн чимээ ойрхон сонстох боллоо. Булганчууд ойгоо угтсан олон бүтээлч ажлуудыг санаачилан хэрэгжүүлж байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч Ц.БатӨлзийтэй ярилцлаа.

Бид XVIIр жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн босгон дээр ярилцаж байна. Өнгөрөгч тахиа жил Булган аймагт үр өгөөжөө хэр их өгөв?

-Юуны өмнө Булган аймгийнхаа нийт зон олонд “Тийн унжлагат”  хэмээх шороон нохой жилийн сар шинийн мэнд дэвшүүлье. Өнгөрөгч тахиа жил Булган аймагт ээлтэй байж, чамгүй  үр өгөөжөө  хайрлалаа. Ард олныхоо хүч дэмжлэгээр аймгийн нийгэм, эдийн засгийн байдал тэнцвэрээ хадгалж, доройтсонгүй. Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өнгөрсөн жилээсээ  тодорхой хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ жилийн гол асуудал бол зуншлага байлаа. Манай нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь нь гантай байсан учраас МАА-н үйлдвэрлэл, газар тариалан, ургацад сөрөг нөлөө үзүүлсэн. Гэвч мал сүргийн тоо толгой өм цөм доош буугаагүй, малчид эдийн засгийн алдагдалд ороогүй нь авууштай байна. Тариаланчдын ургац хураалт төлөвлөж байснаасаа буурсан хэдий ч нэгжээс авсан ургацын хэмжээгээрээ  улсад дээгүүр орсон. Мөн хурааж авсан ургацын чанар сайн байлаа. Бүтээн байгуулалтын хувьд улсын болон орон нутгийн төсвийн 10-аад тэрбумын хөрөнгө оруулалтаар нэлээдгүй ажил хийлээ. Төв гудамжны  өргөтгөл, авто зам, үерийн ус зайлуулах далангийн шинэчлэл, машин зогсоолын талбайг нэмэгдүүллээ. Ашиглалтад оролгүй удсан барилга байгууламжуудыг ашиглалтад орууллаа.

Энэ жил Булган аймаг түүхт 80 жилийн ойтоогоо золгоно. Ой  угтан хэрэгжүүлж байгаа ажлуудынхаа  талаар ярина  уу?

-Тиймээ. 2018 он Булганчуудын хувьд маш онцгой жил болж байна. Аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойгоо угтаж, 80 бүтээлч ажлыг төлөвлөн хэрэгжүүлээд явж байна. Жилийн өмнөөс бид ойн бэлтгэл ажлуудыг эхлүүлсэн. Булган сумын хот тохижилтын өнөөгийн байдлыг өөрчлөх, сайжруулах, засварлах зорилтын хүрээнд  аймгийн төвөөр хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд голлож байна. Ирэх хугацаанд Булган сумын гэр хорооллын айл өрхүүд болон нийтийн эзэмшлийн талбайд гэрэлтүүлгийг нэмэгдүүлнэ. Нэгдүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг дуусгах, цэнгэлдэх хүрээлэнг засварлах, авто замуудыг барих, зочид төлөөлөгчдийг угтаж, үдэх хаалга зэрэг барилга байгууламжуудыг бий  болгохоор эрчимтэй  ажиллаж байна. Мөн аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй босоо тэнхлэгийн 22км авто замын барилгын ажлыг эхлүүлнэ.

Бүтээн байгуулалтын ажлуудыг голлон хийнэ  гэлээ. Бүтээн байгуулалтын салбарт хөрөнгө санхүү их шаардагддаг. Тухайн асуудлыг  хэрхэн шийдвэрлэж байгаа  вэ?

-Бид зорьсон ажлуудаа гүйцэтгэхийн тулд хөрөнгө  санхүүгээ  шийдвэрлэх асуудалтай зайлшгүй тулгарч байна. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө  оруулалтууд хаанаа ч хүрэхгүй нь тодорхой. Гэсэн ч 2017 онд орон нутгийн төсвийн 4 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол энэ жил 11-12 орчим тэрбум төгрөгийг зарцуулна. Бид  2017 оны  02 сараас эхлэн ойд зориулсан хандив тусламжийн аяныг өрнүүлсэн юм. Булган аймагт уул уурхайн чиглэлээр олборлолт хийж байгаа комданиудтай  хуулийн дагуу нийгмийн хариуцлагын гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу 200 орчим сая төгрөгийг ойн хандивын дансанд төвлөрүүлээд байна. Нутгийн удирдлагын байгууллагаас хандив, тусламжийн арга  хэмжээ зохион байгуулахад ашиг сонирхлын зөрчлийн хуулийг зөрчиж байгаа учраас Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, бусад төрийн бус байгуулагуудаар зохион байгуулуулахаар шийдвэрлэлээ. Нийт цугларсан хандивын хэмжээ 260 гаруй сая төгрөг байна.

Төрөлх нутгийнхаа түүхт ойд иргэд хэр сэтгэл гаргаж байгаа вэ?

– Бидний ажлын зохион байгуулалттай холбоотой ч байгаа байх. 100 гаруй албан байгууллагын төсвийн ажилчид цалингаа хандивласан. Цөөвтөр тооны малчид сумдаас боломжоороо өгч байна. Аймгийнхаа ойг угтан хийх олон ажил, өег дүүрэн тэмдэглэж, зохион байгуулахад санхүүгийн хандив тусламж маш их хэрэгцээтэй. Ийм чухал үед бидний ажлыг харлуулж, улс төрийн өнгө аяс оруулан иргэдийн оролцоог саармагжуулж байгаа явдал цахим орчноор байгаа нь зохимжгүй  санагдаж байна. Гэвч  иргэд маань буруу  зөвийг ялган дэнслэх ухаантай. Ойгоо сайхан тэмдэглэж, угтана гэдэгт итгэл дүүрэн байна.

Уламжлал болсон Булганыхан -3 уулзалт удахгүй болох сурагтай байна. Энэ талаар тодруулж  өгнө үү?

-Шинэ сар хуучраагүй буюу 2018 оны 03 сарын 03-нд “Булганыхан-3” уулзалтыг Улаанбаатар хот дах Булган аймгийн уугуул иргэдийн дунд зохион байгуулах гэж байна. 2500-3000 орчим хүн ирнэ гэсэн төлөвлөгөөтэй. Тус уулзалтаар иргэдэд түүхт 80 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэх уриалгыг хүргүүлнэ. Мөн тус уулзалтыг Дархан, Орхон гэх мэт томоохон суурин газруудад зохион байгуулна.

Таны ажил албатай холбоотойгоор нэлээдгүй ярилцлаа. Магадгүй Булганчууд таныг Төрийн хүнгэдгээр нь мэддэг байх. Хувь хүн талаас чинь ярилцъя. Таны бага нас хаана өнгөрсөн бэ?

-Би Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн. Дороо гурван дүүтэй айлын ууган хүү. Ерөнхий боловсролын сургуулиа сумандаа төгсөөд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн ХАА-н техникумд малын бага эмчээр суралцаж, төгссөн. Сургуулиа төгсөөд 1985-1994 он хүртэл Гурванбулаг сумын “Сүхбаатарын туг” нэгдлийн МАА-н бригадад малын бага эмчээр тасралтгүй 9 жил ажилласан юм. 1994 оноос Улаанбаатарт ХААИС-д суралцаж, малын их эмч  болж, мэргэжилээ дээшлүүлсэн. Би олноос онцгойрох зүйлгүй эгэл  жирийн л хүүхэд байлаа. Хичээл номдоо идэвхитэй, сурлага хүмүүжлийн доголдол гаргадаггүй байсан даа.

Багадаа хэнээс үлгэр дуурайл авдаг байсан бэ?

-Миний хувьд ерөнхий боловсролын сургуулийн багш нараасаа их үлгэр дуурайл авсан. Тухайн үеийн багш нар эрдэм чадалтай, эзэмшсэн мэргэжилдээ  эзэн болдог жинхэнэ бахархам хүмүүс байлаа. Бид багшийн үг үнэтэй, үйлдэл нь зөв гэж  даган дуурайснаараа амьдралдаа үнэ цэнэтэй зүйлсийг бий  болгож чадсан. Мөн миний  өвөө  их ажилсаг, хичээнгүй, ямар ч ажилд ур дүйтэй хүн байлаа. Өвөө маань Гурванбулаг сумандаа мал маллан амьдарч байгаад 1950-иад оны сүүлээр Улаанбаатар хотруу шилжсэн юм. Түүний хариуцсан ажлаа яг таг хийх, үр дүнг нь үзэх гэсэн шаргуу хүсэл эрмэлзлийг нь өөртөө  суулгасан гэж  боддог.

Таны ажлын анхны гараа малын бага эмчээр эхэлсэн юм билээ. Удирдах ажлынхаа анхны гарааг хаанаас эхэлж байсан бэ?

-Тиймээ, анх малын бага эмч хийж  төр улсдаа  зүтгэж  эхэлсэн юм. Тухайн үед МАА-н үйлдвэрлэл дэх малын эрүүл мэндийг хамгаалах, өсгөн үржүүлэх нь нийгмийн томоохон бүрэлдэхүүн байсан хэрэг. Сум нэгдлийн малын хувь заяаг малын эмч нар л хариуцдаг байлаа. Баримт бичгийг хэрхэн үйлдэх, тайлангаа тавих, иргэд үйлчлүүлэгчидтэй зөв харилцах гээд л олон  зүйлийг сурч, ажлын чиг баримжаагаа тэндээс олсон юм. Би ХААИС-ийг 1997 онд төгсөж  ирээд 1998-2002 онд  Рашаант сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн малын их эмчээр ажилласан.  Тухайн үед ИТХ-ын даргаар н.Жанчивдорж, Засаг даргаар н.Бат-Эрдэнэ нар ажиллаж байв. Тэр хамт олон маш эвсэг, ажлын төлөө сэтгэлтэй, зохион байгуулалт сайтай байсан нь надад их зүйл сургасан даа. Удирдах ажлын хувьд 2004 оноос эхлэн Гурванбулаг сумынхаа  Засаг даргаар ажилласан. Байгууллага, хамт олон, ялангуяа сум, орон нутгийг удирдана гэдэг амаргүй  л дээ.

Та нийт хэдэн жил төрийн албанд ажилласан бэ? Таны ажилдаа баримталдаг зарчим юу байв?

-Нутгийн захиргааны байгууллагад ажиллаад 14 болжээ. Мал эмнэлгийн байгууллагад 12 жил ажилласан гэхээр нийт 26 жил төрийн албанд  ажилласан байна. Орон нутгийн иргэдийн аж амьдарлыг залгуулах, төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, хууль тогтоомжийг шударгаар хэрэгжүүлэх, иргэдэд алагчлалгүй хандах зэрэг зорилтын хүрээнд ажилладаг даа.

Амьдарлынхаа  нэлээдгүй он цагийг төрийн албанд өнгөрүүлжээ. Таны ажлын жаргал зовлон нь юундаа  байдаг вэ?

-Төрийн алба нь өндөр хариуцлагатай, нэр хүндтэй  сайхан ажил. Ажиллаж буй бүрэн эрхийнхээ хугацаанд зорьсон зорилгоо биелүүлээд иргэдээсээ эерэг үнэлгээ авах нь хамгийн жаргалтай. Орон нутгийн түвшинд ажиллахад бэрхшээлтэй асуудал их бий. Сумын хувьд маш бага төсвийн нөхцөлд ажиллана. Орон нутгийн иргэдийн орлого олох боломж хомс. Иргэд нутгаа  хөгжүүлэх, өрх гэрийнхээ орлогыг ахиулах эрэлт хүсэл ихтэй байдаг ч удирдлагын хувьд түүнийг хангаж чадахгүй байгаа маань л хамгийн зовлонтой байдаг. Хүмүүст буруу зөрүү ойлгогдох, ажлаа чамлуулах, мушгин гуйвуулсан үг, санал сэтгэгдлийг сонсоход сэтгэлд таатай биш. Гэсэн ч айхтар халширч, шантарч байгаагүй ээ.

Булган аймаг өөрийн гэсэн онцлогтой хөгжиж байгаа хот. Илүү их хөгжихийн тулд ямар бодлого чиглэлээр ажиллах вэ?

– Үе үеийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, удирдлагууд аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг ХАА-н үйлдвэрлэл, газар тариалан, МАА-г гэж тодорхойлж ирсэн. Бид ч цаашид тус чиглэлүүдийг хөгжүүлнө. Үүний  зэрэгцээ  аялал жуулчлалыг тулгуур хөгжлийн гарц  гэж үзэж байна.  Манай  аймгийн дэргэд орших Эрдэнэт хотын хүн амын хүнсний хэрэгцээг хангах зах зээл байна гэж  харж байгаа. Тиймээс  төв суурин газрын мах сүүний хэрэгцээг хангахад зохимжтой фермерийн аж ахуй, жимс жимсгэнэ, хүнсний  ногооны аж ахуйг хөгжүүлэх нь зохилтой. Мөн үзэсгэлэнт байгальдаа  түшиглээд байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Ингэснээр түүх соёлын дурсгалт газруудыг сэргээн хөгжүүлж, эдийн засгийн орлогын эх үүсвэрийг бий  болгох боломжтой юм.

Аймаг орон нутгаа хөгжүүлэхэд иргэдийн оролцоо, санал хүсэлт маш чухал. Иргэд голдуу ямар асуудлыг хөндөж байна?

-Тэгэлгүй яахав. Иргэдээс бидэнд ажлын байраар хангаж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх ажлуудыг хийгээч ээ гэсэн санал ирдэг. Улс төрийн нам сонгуульд оролцохдоо өрхийн орлогыг сайжруулна гэсэн зорилт тавьж байсан нь иргэдийн эрэлттэй давхцаж байна. Бид ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлэх, иргэдийг ажил орлоготой болгох тал дээр ухаан санаагаа уралдуулж байна. Энэ эрэлтийн хүрээнд бид  “Чацаргана” төслийг хэрэгжүүллээ. Энэ төсөл нь өргөн цар хүрээг хамруулсан, аймагт анх удаа хийгдэж байгаа учраас алдаа  оноотой байлаа. Гэсэн ч бид 200 га  талбайг хашиж, хамгаалан, 170 гаруй га талбайд тариалалт хийлээ. Энэ ажил маань жилээс жилд үр ашгаа өгч, өрх гэрүүдэд дэм болно гэж итгэж  байгаа. Мөн “Булган суман дахь үйлдвэр технологийн төв” гэх бүс байгуулж, тэнд  тодорхой хэмжээний ХАА-н бүтээгдэхүүнийг боловсруулдаг үйлдвэрийн цогцолбор  байгуулах төсөл төлөвлөгөөтэй байна. Польш улсын  хөрөнгө  оруулалтаар дээрх төслийг хэрэгжүүлье, хийе гэсэн санал бидэнд ирсэн. Аймаг энэ  асуудалд чадах чинээгээрээ дэмжиж, хамтран ажиллах боломжуудаа харилцан санал солилцож байгаа. БНХАУ-ын хөрөнгө  оруулалттай махны  үйлдвэрийг Бугат сумын орчимд барих санал ирсэн. Ирэх хавраас дээрх ажлууд маань тодорхой  хэмжээнд биеллээ  олно.

Төрийн алба  гэлтгүй нийгмийн хөгжилд залуучууд маань хүч түрэн орж ирлээ. Та залуучууддаа  хандажалдаан дээр нь ухаарал, оноон дээр нь урам нэмж  үг хэлээч?

– Миний анзаарч буйгаар аймаг, сумын төр захиргааны байгууллагад залуучууд нэлээдгүй ажиллаж  байна. Төрийн байгууллага залуучуудаар сэлбэгдэх нь зөв гэж  би хувьдаа  дэмждэг. Залуу хүний эрч  хүч, сэргэг ухаан нутаг орноо хөгжүүлэх гэсэн оргилуун хүсэл тэмүүлэл  төрийн ажлыг түлхэх, хөглөх сайхан боломж болно. Гол анхаарах зүйл нь залуучууд эзэмшсэн мэргэжил, ажилдаа  эзэн болж, ур чадвартай, санаачилгатай, ажлынхаа  төлөө гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Мөн  бусдаас суралцан, үг дааж, ачааны  хүндийг үүрэх  чадвар, сэтгэлийн тэнхээ, хүсэл эрмэлзлийг өөртөө бий болгох ёстой  гэж  бодож байна. Миний хувьд төрийн албанд ажилласан хоногийнхоо тооны илүүгээр мэдсэн сурсан, алдсан оносноо хэлж ярьж, тэднийгээ ажил үүргээ чанартай  гүйцэтгэх тал дээр анхаарч, тусалж  дэмжин ажилладаг.

Амжилттай ажиллаж яваа  эр хүний ард сайн гэргий байдаг. Та гэр бүлээ  танилцуулна уу?

-Тийм шүү. Би эхнэр, бага хүүгийн хамт амьдардаг. Эхнэр маань Гурванбулаг сумынхаа “Төрийн банк”-ны салбар тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байна. Төрийн ажил үүргийг биелүүлэхэд ар гэрийн түшиц  тулгуур маш чухал. Тиймдээ  ч би ар талыг маань хариуцаж, тайван ажиллах боломж бололцоог олгодог эхнэр хүүхэд, ахан дүүсдээ талархаж, сэтгэл хангалуун явдаг даа.

Ц.БатӨлзий  гэдэг хүнийхээ  хувьд чөлөөт цагаараа  юу  хийх дуртай  вэ? Таны хобби?

– Би олон төрлийн зүйл сонирхдоггүй  юм. Чөлөөт цагаараа түүхэн ном, түүн дотроо роман унших дуртай. Монгол хүн болохоор ч тэр үү сайхан морь, хурдан хүлэг харахаар догдолдог. Малын эмч мэргэжилтэй маань ч холбоотой байх даа. Өөрөө  морь уяж сойхгүй ч гэсэн сайхан морь, сайн чанарын адуунд дуртай. Хээр гадаа агаар салхинд хамт олон, найз нөхөдтэйгээ хааяа нэг гарах сайхан л санагддаг.

Урилгыг минь хүлээн авч, ярилцсан танд ажлын өндөр амжилт хүсье. Та Булганчууддаа хандаж  үг хэлнэ үү?

– Булганчууд маань  XVII-р жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилдээ айл өрх бүр аз жаргалаар дүүрэн, сэтгэл нь амар тайван, эрүүл энх байгаасай гэж хүсэж байна. Мөн төрж өссөн төрөлх Булган аймгийнхаа түүхт 80 жилийн ойдоо иргэн бүр үүрэг хариуцлагатай оролцож, өргөн дэлгэр сайхан тэмдэглэцгээе гэж уриалж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.