Булган аймгийн ХОХБТХ-ийн дарга Д.Буманбаяр: 2018 оны төсвийг ой угтсан бүтээн байгуулалтын ажилд чиглүүлсэн

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Булган аймгийн хувьд 2018 он онцлог бүхий жил юм. Учир нь аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байна. Аймгийн Засаг даргын Тамгын газар  тус ойг угтсан бүтээн байгуулалтын олон ажлуудыг төлөвлөн хийж байна. Энэ талаар тодруулахаар Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Буманбаяртай ярилцлаа.

Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс өнгөрсөн онд томоохон ямар ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ?

-2017 он бол аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрийн гарааны жил байсан бөгөөд их бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын багагүй ажил амжуулсан, амжилт бүтээл арвинтай жил болж өнгөрлөө. Тухайлбал, нийгмийн салбарын дутуу баригдсан барилгуудыг гүйцээж ашиглалтад оруулсны дээр ирэх онд тохиох аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн бэлтгэл ажлын хүрээнд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чанартай 56 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Онцлог ажлуудаасаа тодруулахгүй  юу?

-Салбарын хэмжээнд хэрэгжүүлсэн онцлог ажлуудаасаа товч дурдвал: Иргэдийн амьжиргаа, аймгийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Жимс, жимсгэнэ” хөтөлбөр боловсруулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлуулж, тус хөтөлбөрийн хүрээнд чацаргана тариалах хөдөлгөөн өрнүүллээ. 16 сум, нэг тосгоны 661 өрхийн 1693 иргэнийг бүлгийн зохион байгуулалтад оруулан, 174.3  га-д тариалалт хийсний дээр чацарганын 200 га талбайг хашиж, инженерийн хийцтэй 22 худаг гаргаж өгсөн. Булган сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу 14 цэгт 6658,1 м2 талбай бүхий авто зогсоолыг шинээр бий болгож, Нэгдсэн эмнэлгийн урд талаас “НИК” шатахуун түгээх станц хүртэл 0,482 км хатуу хучилттай авто зам барьж, Магсаржав гудамжны төв замыг дөрвөн эгнээ зорчих хэсэгтэй болгон өргөтгөлөө.

Мөн Сэлэнгэ сумын 437,02 метр урт төмөр бетон гүүрийн барилга угсралтын ажил, Хялганат тосгоны инженерийн иж бүрэн байгууламж, Рашаант сумын нэгдсэн халаалтын систем гэх мэт барилга, угсралтын олон ажлыг байнгын ашиглалтад оруулсан байна.

Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх эхлэл тавигдаж, Бугат суманд “Булган экспорт мах” ХХК, ӨМӨЗО-ны “Гу шу юань хүнс” ХХК-ууд хамтарсан мах боловсруулах үйлдвэр байгуулахаар гэрээ байгуулж, 2018 оны хавраас үйлдвэрийн барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр болсон.

Булган аймгийн түүхт 80 жилийн ой хаяанд ирлээ. Зарим бүтээн байгуулалтын ажлууд удаашралтай байгаа нь анзаарагдаж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

– Булган сумын төв гудамжны гэрэлтүүлэг, цэнгэлдэх хүрээлэнгийн засвар, шинэчлэлтийн ажлууд удаашралтай байгаа. Эдгээр ажлуудын хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлж, зураг төслийг 2017 онд бэлэн болгон, ажлыг хавар эртнээс эхлүүлж, баяр наадмаас өмнө ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулаад байна. Үүний зэрэгцээ Булган сумын гудамж, талбайг хаягжуулах, дугуйн болон явган хүний зам барих, нийтийн биеийн тамирын талбайг тохижуулах зэрэг ажлуудын зураг төсөл, төлөвлөлтийг хийсэн боловч, хөрөнгийн эх үүсвэрээс шалтгаалж удааширч байна. Бид хөрөнгийн эх үүсвэр бий болгох ажлыг эрчимжүүлж, энэ онд багтаан хэрэгжүүлэхээр тооцож,төлөвлөсөн байна.

– 2018 оны хөрөнгө оруулалтын онцлог юу байх бол? Хөрөнгө оруулалтын нийт хэмжээ хэд вэ?

-Энэ онд аймаг байгуулагдсаны 80 жилийн ой тохиох тул хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг ой угтсан бүтээн байгуулалтын ажил руу чиглүүлсэн. Орон нутгийн төсвийн 2018 оны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд 2,7 тэрбум, Авто замын санд 391,6 сая, Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх арга хэмжээнд 860,4 сая, Байгаль хамгаалах сангаас хэрэгжүүлэх арга хэмжээнд 4.6 тэр бум, нийт дүнгээрээ 8,5 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын чанартай төсөл, хөтөлбөр, бусад арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар манай аймагт юу хийгдэх вэ?

– Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Гурванбулаг, Хишиг-Өндөр, Булган чиглэлийн 133 км хатуу хучилттай автозам, барилгын ажлын хүрээнд Булган-Орхон чиглэлийн 22 км автозам, Халдварт сүрьеэгийн эмнэлгийн барилгыг эхлүүлэх, Бугат сумын сургуулийн барилгыг шинээр барих, Тэшиг сумын сургууль, Булган сумын 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгыг гүйцээж ашиглалтад оруулах, Спорт хорооны их засвар, Булган сумын гэр хорооллын гэрэлтүүлэг, Ханддоржийн талбайн тохижилт зэрэг ажилд нийт 6,4 тэрбум төгрөгийг шийдвэрлүүллээ. Үүний дээр салбарын сайдуудын багцаас тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр саналаа уламжилсан байгаа.

Ярилцсанд баярлалаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.