Компанийн эзэд заавал уншаарай

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Засгийн газар татварын дөрвөн том хуулийг шинэчлэхээр зорьж байна. Энэ хүрээнд Татварын ерөнхий хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон дагалдах 20 хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. 

Эдгээр хуулиас Аж ахуй нэгжлийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг “Хууль төрөхийн өмнө” буландаа онцлон танилцуулж байна. 

Аж ахуй нэгжлийн орлогын албан татварын тухай хуулийг шинэчилснээр зээлийн хүү буурах, гаднаас шинэ эх үүсвэр татах боломж нээгдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байна. Энэ хуулийн хүрээнд дараах таван төрлийн татварыг өөрчлөхөөр төлөвлөж байна. Үүнд:

  • Гадагшаа шилжүүлэх орлогоос суутгадаг 20 хувийн татварыг 15 хувь болгох
  • Гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийн орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг 5 хувь болгох
  • Банкны зээлээр хөрөнгийн эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10 хувийн татварын 5 хувь болгох
  • Х тайлантай аж ахуй нэгж улиралд 60 мянган төгрөгийн татвар төлөх
  • Эрх борлуулсны орлогыг нийт дүнгээс 30 хувиар тооцож татвар авдаг байсныг олсон ашгаас 10 хувиар авдаг болгох

Өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар татварын албанд тайлангаа ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 50 орчим хувь нь “Х” тайлан, 20 гаруй хувь нь алдагдалтай тайлан гаргажээ. Тиймээс татварын бааз суурийг нэмэгдүүлэх үүднээс Х тайлан өгдөг аж ахуй нэгжээс татвар авахыг дэмжиж байгаагаа МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав илэрхийлэв. Тэрбээр “Аж ахуй нэгж бий болох, мөхөх үйл явц нь байгалийн жамтай адилхан. Тийм учраас аж ахуй нэгж бүртгүүлээд эхний жилүүдэд хөнгөлөлт эдэлдэг. Гурав дахь жилээс бүх татвараа төлөөд эхэлнэ. Хэзээ нэгэн цагт тухайн компани дампуурах буюу өтөл насанд нь тодорхой хэмжээний хөнгөлөлт олгодог. Бид Үндсэн хуулийг хийхдээ компани байгуулагдсан бол 50-60 жил болдог, компани бол мөнхийн зүйл гэж гэнэн байдлаар хуулиа хийсэн. Өнөөдөр бол өмчүүдийн хоорондын харилцааг маш сайн гаргаж өгөх ёстой.Манай эдийн засаг сүүлийн хэдэн жил яагаад 10 дахин өссөн бэ гэхээр ашигладаггүй капиталуудаа эргэлтэд оруулж эхэлсэн. Тэрхүү капиталаас авч байгаа татвар нь эдийн засгийг 10 дахин өсгөж байгаа тохиолдолд бид татварын системээ эргэн харахгүй бол хуушуур зарж байгаа хүнтэй адилхан байж болохгүй” гэсэн юм.

Үүнээс гадна Аж ахуй нэгжлийн орлогын албан татварын тухай хуульд таван шинэ нөхцлийг бий болгохоор төлөвлөж байна. Үүнд:

  • Барилга байгууламжийн элэгдэл байгуулах хугацааг 40-өөс 25 жил болгон бууруулах
  • Нэр томъёоны тодорхойлолтуудыг өргөтгөх
  • Олон улсын стандартуудад нийцүүлэн үнэ шилжилтийн тайлан гаргадаг болох
  • Давхар татварын гэрээтэй эсэхээс үл хамааран гадаад улсад төлсөн татварыг хасч тооцох
  • Татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын шинэ дүрмийг нэвтрүүлэх зэрэг багтжээ.

Татварын багц хуулийн шинэчлэлийг шат шатны байгууллагуудаар хэлэлцүүлээд, ирэх хаврын чуулганаар батлах төлөвлөгөөтэй байгаа юм. Тиймээс компанийн эздүүд энэ хуулийн төсөлтэй холбоотой санал санаачлагаа хууль санаачлагчид илэрхийлэх бүрэн боломжтой гэдгийг энд сануулах нь зүйтэй болов уу.

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.