Г.Ядмаа: Буруу талдаа жолооны хүрдтэй автомашины гэрлийн тусгалыг өөрчилж байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
3

Өнгөрсөн оноос эхлэн буруу талдаа жолооны хүрдтэй автомашины гэрлийн тусгалыг өөрчлөхөөр шийдвэрлэсэн. Тэгвэл уг ажлын бэлтгэл хэдийнэ хангагдаж, хэрэгжээд эхэлжээ. Энэ талаар  Орхон аймгийн  “Автотээврийн үндэсний төв”–ийн дарга   Г.Ядмаатай ярилцлаа.

-Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөх бэлтгэл ажил өнгөрсөн онд эхэлсэн гэж байна. Одоогийн байдлаар хичнээн машины гэрлийн тусгалыг зөв болгосон бэ?

-1990 оноос хойш тээврийн хэрэгслийн жолооны хүрдний байрлал харгалзахгүйгээр замын хөдөлгөөнд оролцох болсон. Энэ нь зам тээврийн осол гарах шалтгаан ч болж байгаа. Буруу талдаа хүрдтэй автомашины гэрлийн тусгал өөдөөс ирж яваа жолоочийн нүдийг гялбуулдаг. Үүнээс болоод шөнийн цагаар осол гарах магадлал өндөр байдаг. Иймээс тээврийн хэрэгслийн ослыг бууруулах үүднээс НҮБ-аас гаргадаг 20 орчим техникийн зохицуулалтаас R112-ын хүрээнд буруу гэрлийн тусгалтай автомашины гэрлийг зөв болгох ажлыг эхлүүлсэн. Манайд мөрддөг стандартад өөрчлөлт оруулж, бүх судалгаа, туршилтыг хийж бэлэн болгосон. Шаардлагатай тоног төхөөрөмж, бэлдэц бэлэн болчихсон. Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн хэмжээнд буруу талдаа жолооны хүрдтэй  тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчилж эхлээд байна.

-Энэ ажлыг хэзээнээс эхлэв?

-Энэ сарын 14-нөөс эхлэн орон даяар эхлүүлээд байна. Одоогийн байдлаар үзлэгт орохоор ирж байгаа машинуудыг солиод явж байна. Бүтэн жилийн хугацаанд үргэлжлэх учраас тээврийн хэрэгслийг техникийн үзлэгт хамрагдахад нь л давхар солих болно. Эхний ээлжинд “галегон” ламптай буруу талдаа жолооны хүрдтэй 100 гаруй мянган тээврийн хэрэгслийн гэрлийг солихоор төлөвлөсөн. Иргэд төлбөрөө төлчих юм бол бэлдцээ аваад өөрсдөө ч сольж болно.

-Орхон  аймгийн  хэмжээнд хэчнээн тээврийн хэрэгслийн гэрлийг солих шаардлагатай байгаа вэ?

-Орхон аймгийн хэмжээнд  2017 онд бүртгэлтэй 24 590  Ора, Орх, Оро улсын бүртгэлтэй  автомашин бүртгэлтэй байсанаас  өнөөдрийн байдлаар 24803 мянга болж  замын хөдөлгөөнд тогтмол оролцож байна. Эдгээрээс Ора дугаартай 6953, Орх дугаартай 8034, Оро 9816 автомашин байна. Зөв  жолооны хүрдтэй 12609, буруу хүрдтэй 12194 буюу 50.9 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй. Тэгэхээр 12194  автомашины гэрлийг солих шаардлагатай гэсэн үг.

 

-Гэрлийн тусгалыг солиулахад жолооч нар 1650 төгрөгийн хураамж төлөх юм уу?

-Тийм ээ. Үүнийг Автотээврийн үндэсний төвийн гэрлийг өөрчлөх тоног төхөөрөмж худалдаж авах болон инженер, техникийн ажилтнуудын цалин хөлс зэрэгт зарцуулах юм.

-Гэрлийн тусгалыг өөрчлөх ажилд улсаас хэчнээн төгрөг зарцуулж байгаа  юм бэ?

-Автотээврийн үндэсний төвөөс нийт 229 сая төгрөг зарцуулж байна.

 -Тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчилснөөр зам тээврийн осол буурах уу?

-Монгол Улсад гарч буй нийт зам тээврийн осол ихэвчлэн шөнийн цагаар гарсан байдаг. Нийт зам тээврийн ослын 76 хувийг буруу талдаа жолооны хүрдтэй автомашин эзэлдэг гэсэн судалгааг Замын цагдаагийн албанаас гаргасан. ЗТХЯ-наас энэ жилийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил болгон зарласан. Энэ зорилтыг биелүүлэх нэг боломж нь өнөөдөр эхлүүлж буй гэрлийн тусгал өөрчлөх асуудал юм. Иймээс тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөх ажил амжилттай хэрэгжвэл тодорхой хэмжээгээр зам тээврийн осол буурах бүрэн боломжтой.

 –Энэ жилд багтаж гэрлийн тусгалаа зөв болгож солиулаагүй тээврийн хэрэгслүүдийг цаашид хэрхэн хамруулах вэ?

-Үлдсэн тээврийн хэрэгслүүдийн гэрлийн тусгалыг өөрчлөх ажлыг жил жилээр төлөвлөн хэрэгжүүлэхээр болсон. Тиймээс эхний ээлжид зөвхөн “галегон” ламптай тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг солино гэж тодотгоод байгаа .

-Орхон аймгийн хэмжээнд жолооч нар  үзлэг оношлогоондоо хэр хамрагдаж байна вэ?

Эрдэнэт үйлдвэрийн автомашинууд 1-2 сард бүрэн хамрагдаад дууссан.  Хувийн тээврийн хэрэгсэлтэй иргэд одоо хамрагдаж байна. Жолооч нар татвараа төлсөн улсын дугаараараа андуураад ,орох ёстой хугацаандаа тэр бүр хамрагдахгүй явж байгаад ,цагдаа зогсоохоор 50 000 торгууль төлөх ёстой болоод байна. Өнгөрсөн 7 сарын 21- нд орсон бол энэ жилийн тэр хугацаандаа л орох ёстой. 1, 2 сар хоцроод ирсэн бол бид торгохгүй , /бүтэн жил үргэлжилж байдаг учраас/ гэсэн ч цаг хугацаандаа л байх ёстой. Өдөрт дунджаар 80-100 машин  оношилж байна.

-Орхон аймгийнх гэдгийг илэрхийлэх улсын дугаарыг энд нь олгох болсон. Азын ,аятайхан тоо ч авах гэсэн хүмүүс байдаг, энэ тал дээр ямар хариулт өгөх үү?

  Энэ боломжгүй .Тухайн хүний нэр дээр автомашин байхгүй бол регистрийн дугаараар нь түүврийн аргаар унаад гараад ирнэ.Манай дээр урьдчилаад номер ирчихдэг тэр дугааруудаас л иргэдэд таардаг юм.                                                                                                Ярилцсанд баярлалаа

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.