-8.6 C
Эрдэнэт
Tuesday, December 18, 2018
Нүүр Онцлох мэдээ Я.Ариунболд: АНУ-д хөдөлмөр эрхлэх H-2A, H-2В виз мэдүүлэх эрх албан ёсоор нээгдлээ

Я.Ариунболд: АНУ-д хөдөлмөр эрхлэх H-2A, H-2В виз мэдүүлэх эрх албан ёсоор нээгдлээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх H-2A, H-2В гэсэн хөдөлмөрийн виз мэдүүлэх эрх 2018 оны 4 дүгээр сарын 1-нээс нээгдсэнтэй холбогдуулан Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболдоос тодруулаа.

 

-АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх H-2 виз мэдүүлэх эрх нээгдлээ. Энэ талаар мэдээллийг иргэдэд хэрхэн хүргэж байгаа вэ?

-АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх H-2А хөдөө аж ахуйн, Н-2В буюу хөдөө аж ахуйн бус чиглэлийн виз мэдүүлэх зөвшөөрлийг Монгол Улсад олгоод хоёр сар гаруй хугацаа болж байна. Энэ хоёр төрлийн виз мэдүүлэх эрх энэ сарын 1-нээс албан ёсоор нээгдэж байна. Энэ хөтөлбөрт хамрагдахын тулд иргэд яаж оролцох вэ гэдэг дээр Гадаад харилцааны яам иргэддээ мэдээлэл өгөх зорилго тавьж ажиллаж байна. Консулын газар вэб хуудастаа хөдөлмөрлөх виз гэдэг тусгай цэс гаргаад энэ дотроо АНУ-ын визтэй холбоотой мэдээллүүдийг өгсөн.

-Виз мэдүүлэх ажиллагааг хэрхэн зохион байгуулах вэ? Виз хүсэгчдэд зуучлалын үйлчилгээ үзүүлэх компаниудыг сонгосон уу?

-Монгол Улсын хууль тогтоомжоор бол Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас олгогдсон эрх бүхий этгээд АНУ-ын ажил олгогчтой байгуулсан гэрээний үндсэн дээр Монгол Улсын иргэдийг бүртгэж, хөтөлбөрт хамруулах ёстой. Гэвч одоогоор тусгай эрх авсан, АНУ-ын ажил олгогчтой гэрээ байгуулсан компани байхгүй байна. Компани бий болонгуут Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам мэдээллээ вэб хуудастаа тавих байх. Гадаад харилцааны яамны Консулын газар вэб хуудсан дээрээ мэдээллийг тавина. Эдгээр компани нь ажиллах хүч авах албан ёсны зөвшөөрөлтэй шүү гэдгийг хэлж өгнө. Мөн компаниуд нь зөвшөөрөлтэй байсан ч гэсэн явуулж байгаа үйл ажиллагааг нь хянаад өөрсдийнхөө мэдүүлэг зөвшөөрөл үнэн зөв байна уу гэдгийг мэдэх боломжийг бүрдүүлж өгнө.

-АНУ-д ажиллах виз авсан нөхцөлд өөр бусад төрлийн төлбөр төлөх үү?

-Зарчмын хувьд визний хураамжаас өөр төлбөр авах ёсгүй. Виз хүсэгчийн тухай нэр, мэдээллийг компьютер дээр бичихэд зардал их гарахгүй. Тийм учраас үүнд АНУ-ын тал маш их анхаарч байгаа. Хэрэв тухайн хүнийг сонговол гарах зардлыг ажил олгогч тал хариуцаад явдаг учраас нэмж зардал гарахгүй. Иргэд үүнийг анхаарах хэрэгтэй. Хамгийн гол нь одоогоор тусгай эрх авсан компани байхгүй байна.

-Гадаад харилцааны яаманд өнөөдөр АНУ-дахь Монгол Улсын Элчин сайдын яамтай видео хурал хийсэн. Хурлаас гарсан шийдвэрийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжтой юу?

-Вашингтон дахь Монголын Элчин сайдын яам, Элчин сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төлөөлөл, Гадаад харилцааны яамны  Консулын газрынхан энэ асуудлыг ярьж байна. Тодорхой болгох, манай талаас анхаарах асуудал их байгаа. Жишээлбэл, зуучлах тусгай эрх авч байгаад нь ямар эрх үүрэг ногдуулах вэ гэх мэт. АНУ руу явуулж байгаа хүмүүсийн эрүүл мэндийг анхаарах ёстой. Ямар ажилд явж байгаагаа мэдээлэх ёстой. Хөтөлбөрт хамрагдлаа гээд виз мэдүүлэх болоход I700C анкет ирнэ. Анкетыг бодитой бүртгүүлж үү гэдгийг шалгадаг механизм бүрдүүлэх хэрэгтэй байгаа. Монголын зуучлагч эрх бүхий этгээд нь Америкийн ажил олгогчтой гэрээтэй байна уу үгүй юу гэдгийг Монголын төрийн байгууллага Элчин сайдын яамаараа дамжуулаад шалгачихдаг болчихвол иргэд хохирох эрсдэлгүй болно. Энэ бүх зохицуулалтыг ярилцаж байна.

-Иргэдэд анхаарвал зохих өөр ямар асуудал байна вэ?

-Сүүлийн үед цахим орчинд өөрсдийгөө албан ёсны ажиллах хүчээр зуучлах эрхтэй гэж зарласан хувь хүн, байгууллагууд зарлал явуулж байна. Үүнд иргэд итгэж хохирох вий. Яагаад гэвэл одоогоор тусгай эрх авсан, АНУ-ын ажил олгогчтой гэрээ байгуулсан компани байхгүй байна гэдгийг дахин сануулъя.

                                                                                              Эх сурвалж: Монцамэ агентлаг

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.