ИТХ-ын тэргүүлэгчид Орон нутгийн өмчит байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Орчин тойрон битүү цасаар хучигдсан, дулаахан сайхан энэ өдөр сэтгүүлч надад урьд нь хадсан хаягийг нь харж, цоожтой хаалганы цаанаас муухан төсөөлөлтэй байсан зарим газартаа орж үзэж, тэдний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломж олдлоо. Учир нь өчигдөр Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва болон С.Батжаргал, Д.Бүүвэйбаатар, Д.Мөнхбат, Д.Эрдэнэбат зэрэг тэргүүлэгчид ажлын албаны хамтаар орон нутгийн өмчит байгууллагуудын үйл ажиллагаа болоод тулгамдаж буй хүндрэл бэрхшээлтэй танилцан зарим үүрэг чиглэлийг өгсөн юм.

Тэргүүлэгчид өнөөдрийн ажлаа “Хөх Монгол” цогцолбороос эхлэв. Тус байгууллагын захирал Ж.Батбаатар тэргүүлэгчдийг хүлээн авч байгууллагынхаа үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, гадна дотны байр байдал, тохижилт, тулгамдаж буй асуудлуудыг танилцууллаа.ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва тэдний асуудлыг сонсоод гадна болоод дотор үүссэн эвдрэл гэмтдлийн заслын ажлыг баталгаат хугацаа дуусаагүй байгаа учраас гүйцэтгэгч компанитай буцаж холбогдон засварлуулах бүрэн боломжтой гээд энэ ажлыг орон нутгийн өмчийн албаны төлөөлөгч Эрдэнэчимэгт даалгав. Засварын ажлыг аль болох урагшлуулж, менежмент болон цогцолборыг танилцуулах тайлбарлагчтай болох зэрэг асуудал байна гэж дүгнээд энэ тал дээрээ анхаарахыг сануулав. Харин тэргүүлэгч С.Батжаргал цахилгааны болоод ус алдаад байгаа асуудлыг мэдэж байгаа, шийдэх тал дээр анхаарна гэв.

Мөн 21 аймгийн онцлогийг багтаасан ийм газар байна гэдгээ олонд таниулах ажил хийгээд жуулчдыг татах, аялал жуулчлалын газартай хамтарч ажиллах хэрэгтэй байгааг, Эрдэнэтээр дайран өнгөрч байгаа хүмүүс орж ирж үзэж сонирхдог байлгахын тулд юу хийх хэрэгтэй вэ гэдгийг ч анхаарах ёстойг сануулав. Үүнээс гадна хэрмэн хананы оронд мод, ургамлаар хашилт хийгээд үнэ төлбөргүй оруулдаг байх, авто зогсоол болон үзвэр үйлчилгээг нэмэгдүүлэх, дотор нь явуулж буй үйл ажиллагаа, үйлчилгээнээс орлого олдог байх зохицуулалт хийх хэрэгтэй байгааг ч дурьдсан юм.

 

 


Дараагийн газар бол “Их шүтээн” цогцолбор

Лам нар ном хурж, цөөн хэдэн сүсэгтэн тойрон суужээ. Хамба лам Б.Мөнхтогоо тэргүүлэгчдийг хүлээн авч одоогоор тус цогцолборт эвдрэл гэмтэл, засвар хийх ажил байхгүй, хамгийн гол нь гадна тохижилтын ажил хийх, төв замаас цогцолбор хүрэх авто болон явган зам тавих, ногоон байгууламж байгуулах, суварга босгох зэрэг ажлуудыг хийх хэрэгтэй байгааг хэллээ. Нэн яаралтай асуудал бол замын асуудал гэв.Мөн лам нарын цалинг мөргөлчдийн өргөлөөр болгож, бусад зардлыг аймгийн төсвөөс гаргадаг аж. Цахилгааны төлбөр их гардаг, орлого бараг байхгүйгээс 8 сая гаруй төгрөгийн цахилгааны төлбөрийн өртэй, цахилгаанаа хэмнэх үүднээс гадна гэрлүүдээ асаахгүй байгаа, халаагууруудаа ч бүгдийг унтраасан гэнэ. Үүнээс болоод ч тэр үү барилга гадуур хувцастай байхад ч жиндхээр сэрүүхэн юм.Тэргүүлэгчид маань тэдний ажилтай танилцаж, асуудлыг сонссоныхоо дараа мэдээллийн хэрэгсэл болоод цахим орчинд хийж байгаа, хийх гэж байгаа ажлуудаа олонд таниулах, түүгээр дамжуулан маркетинг хийх хэрэгтэй, төсвөө өөрсдөө бүрдүүлэх тал дээр анхаарч мөнгө олох боломжтой аргуудыг санаачилж, хэрэгжүүлэх хэрэгтэй байна гээд зарим арга замуудыг ч санал болгож байлаа. Аймгийнхаа төгсөгчдийг ирж мод тарьдаг, тэднийгээ эргэдэг жишиг тогтоочихвол зүгээр гэсэн саналыг ч дэвшүүлэв.

Хамба лам Б.Мөнхтогоо

Тэргүүлэгч Д.Бүүвэйбаатар өмчийн албаны төлөөлөгчид хандан орон нутгийн өмчийн байгууллагуудад хэрхэн үр ашигтай ажиллах талаар арга зүйн зөвлөгөө өгөх хэрэгтэй байгааг сануулаад Хамба ламд бүх асуудлаа нэгтгээд өмчийн албанд хандвал зохицуулах боломжтой гэлээ.

Дээрх хоёр цогцолборын талаар ямар ч мэдлэггүй, нэг ч удаа орж үзээгүй над шиг олон олон хүн бий. Тэдэнд ч гэсэн өнөөдрийнх шиг ингээд тайлбарлаад, таниулаад өгвөл эндхийг зорих иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэх нь гарцаагүй. Аялал жуулчлалын төв болох ч боломжтой юм гэсэн бодол төрнө…


ИТХ-ын тэргүүлэгчдийн үдээс хойших ажил Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ХК-ий үйл ажиллагаатай танилцахаас эхэллээ. Энэ байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний үзүүлэлтүүд, санхүү эдийн засгийн тайлан, засвар үйлчилгээ, ашиг орлого, алдагдал гээд бүхий л ажлын тайлан, дүгнэлтийг эндхийн ерөнхий инженер Ч.Мягмарсүрэн танилцуулж, тэргүүлэгчид маш нарийн нягтлан асууж, шалгаж байв.Тэргүүлэгчид маань тулгамдсан асуудлуудыг судлаж, шийдвэрлэх боломжуудыг хэлэлцсэнээр уулзалт өндөрлөж дараагийн байгууллага руу хөдөлцгөөлөө.


Өнөөдрийн танилцах сүүлийн байгууллага бол Шинжлэх Ухаан Технологийн Парк

Захирал Г.Энхбаяр тэргүүлэгчдийг хүлээн авч өмнөх байгууллагуудын нэгэн адил үйл ажиллагаа, байр байдал, хийхээр төлөвлөж буй ажлууд, тулгамдаж буй асуудлуудыг танилцуулав. Тус байгууллага одоогоор 22 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явцуулдаг. Тэдний хувьд хамгийн чухал асуудал бол ажлын байр гэнэ. Одоогийн байраа сарын хоёр сая төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулдаг аж. ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва үүнийг сонсоод байрны асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй гээд Жаргалант суманд байцааны зоорь хийх гэж барьсан боловч ашиглах боломжгүй гэсэн байрыг судлаж үзээд ажлаа явуулах боломжтой гэвэл ИТХ-аас энэ асуудлыг шийдэж өгөх боломжтой гэв. Дээрх байгууллагууд одоогоор аймгийн төсвөөс санхүүждэг боловч энэ байдлыг арилгаж, санхүүжилтээ өөрсдөө босгох, цаашлаад орон нутгийн төсөвт хөрөнгө оруулалт хийх ч бололцоотойг өнөөдрийн ажлын үр дүнд ойлгосон юм.

Орон нутгийн өмчийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах уулзалтын эхний өдөр ийнхүү дуусч байгаа ч ИТХ-ын тэргүүлэгчид ажилласаар…

Сэтгүүлч О.Дүүрэнжаргал

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.