ИТХ-ын тэргүүлэгчид Орон нутгийн өмчит байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байна – 2

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

ИТХ-ын ажлын хэсэг Орон нутгийн өмчийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тэдэнд тулгамдсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх сүүлийн өдрийн ажил эхэллээ. Өнөөдрийн хувьд ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва болон тэргүүлэгч Д.Бүүвэйбаатар, тэргүүлэгч И.Баасанжав нар ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.


Эхний байгууллага бол аймгийн “Гэр бүлийн ордон”

Одоогоор таван хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, орон нутгийн төсөвөөс санхүүжилт авалгүй түрээс, сургалтууд, хурим зохион байгуулах зэрэг ажлууд хийн санхүүгээ бүрдүүлж, үйл ажиллагаа явуулдаг тус газрын зохион байгуулагч Х.Төгсбаяр ажлын хэсгийг хүлээн авч үйл ажиллагаа, байр байдал, ажлын төлөвлөгөө, өрөө тасалгааг нэг бүрчлэн танилцуулав. Мөн энэ онд хэрэгжүүлэхээр олон шинэ ажлуудыг санаачлан хийж эхлээд байгаа гээд тулгамдсан асуудлынхаа талаар ярилцлаа.

Тэдэнд тулгамдаж байгаа хамгийн гол асуудал нь гадна тохижилт, засварын ажил. Үүнээс гадна агааржуулалт муутай, дээд хэсгээс дусаал гоожиж байгаа зэрэг жижиг асуудлууд ч бий гэнэ. Гадна тохижилтын ажлыг хийхдээ орчин үзийн хуримын чиг хандлагыг судлан, гадаа талбайдаа хурим зохион байгуулах боломжтой байхаар шийдэх гэж зорин ажиллаж, одоогоор зургаа гаргаж байгаа, энэ ажлаа 2019 онд хийхээр төлөвлөж байна гэв.

Хэдий цөөн хүний бүрэлдэхүүнтэй ч олон олон ажлыг хийж бүтээж, хийхээр зорьж байгаа энэ хамт олны асуудлыг сонссон тэргүүлэгчид хэрхэн яаж шийдэх талаар заавар зөвлөгөө, гарц гаргалгааг хэлэхийн хажуугаар тэдний асуудлыг шийдэх:

  • Манай аймаг зэс, оюу ихтэй. Иймээс энэ чиглэлийн үйлдвэрүүдэд санал тавиад гадна хэсгээ зэс, оюугаар чимэглэх
  • Байгууллагуудад нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрийн байгууллагатаа хэрэгтэй, хийх боломжтой ажлуудыг санаачилбал ИТХ-аас холбож өгөх
  • Энэ онд Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ой болж байгаатай холбогдуулан үйлдвэрчин гэр бүлүүдийг алдаршуулах ажил зохион байгуулах санал тавиад хамтарч ажиллах

зэрэг хэрэгжүүлэхэд тохиромжтой хэд хэдэн боломжийг санал болгов. Үүнээс гадна манай аймгийн хэмжээнд 1015 бүтэн өнчин хүүхэд байдаг. Тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа, сургалтууд ч явуулах хэрэгтэй гэлээ.

Түүнийг нь ч тус байгууллагын зүгээс их хэрэгтэй чухал санаанууд өглөө хэмээн дэмжсэн юм.


Дараагийн байгууллага бол Хот байгуулалт, Барилга захиалагчийн алба

Энэ байгуллага нь Орхон аймгийн нутаг дэвсгэрт өмчийн хэлбэрийг үл харгалзан барилга, байгууламжийн ажилтай холбоотой харилцааг зохицуулах, хяналт тавих, бүсийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй, ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх, хэсэгчилсэн болон дахин хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, биелэлтийг хангуулах ба хянах, хот төлөвлөлт болон байгуулалт, барилгын материалын үйлдвэрлэлтийн төрийн бодлогыг аймагт хэрэгжүүлэх зорилготой ажилладаг юм байна.Ажлын хэсгийг албаны дарга Б.Мөнхдалай хүлээн авч уулзлаа. Байгуулагдаад 5 жил болж байгаа, 15 хүний бүрэлдэхүүнтэй энэ байгууллага мөн л төсвөөс биш өөрсдийн ашгаар санхүүждэг, аймгаас нэг ч төгрөг авдаггүй юм байна. Харин энэ жилийн хувьд 100 гаруй ажлын захиалга орж ирсэн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 2 дахин буурсан үзүүлэлт бөгөөд үүнээс үүдэн хөрөнгө оруулалт буурч, санхүүгийн эрсдэл үүсч байгаа гэлээ. Тэрээр “Хүндрэлтэй, тулгамдсан асуудал одоохондоо алга. Захиалагчийн хяналтын ажлыг сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байна. Энэ жилээс эхлэн өмнөх онуудад хийгдсэн ажлуудыг хянаж, жил бүр үүссэн асуудлыг бага дээр нь шийддэг байхаар зорин ажиллаж, шалгаж эхлээд байгаа” гэлээ. Мөн засвар үйлчилгээтэй холбоотой томоохон зөрчил, асуудалтай газар байна уу гэсэн тэргүүлэгчдийн асуултанд одоогоор байхгүй, гүйцэтгэгч компанитай буцаж холбогдон хийлгэх засварын ажлууд л байгаа гэсэн хариултыг өгсөн юм.

ИТХ-ын тэргүүлэгчдийн зүгээс хугацаандаа дуусахгүй он дамжсан болоод мөнгөө авсан ч ажлаа хийж гүйцэтгээгүй байгаа газруудад авах арга хэмжээ, зохион байгуулалтанд тулгарч байгаа ямар ямар асуудал байгаа талаарх саналаа ажлын албанд маргааш хүргүүлэхийг үүрэг болгоод үүнтэй холбоотой тэргүүлэгчдийн саналыг авч, хэлэлцээд холбогдох газруудад явуулна гэлээ.


ИТХ-ын ажлын албаныхан амсхийх завгүй ажилласаар “Цэцэрлэгжүүлэлт-ногоон байгууламж” улсын төсөвт үйлчилгээний газарт ирлээ.

2014 оноос үйл ажиллагаа явуулах болсон энэ байгууллага улсын төсвөөс санхүүждэг. 1 жилийн төсөв нь 233сая төгрөг, үүнийхээ 190 орчим сая төгрөгөөр цалингаа тавиад үлдсэн мөнгийг урсгал зардалд зарцуулдаг гэнэ. Тус байгууллагын дарга Х.Оюун-Эрдэнэ үйл ажиллагаагаа танилцуулж, тулгамдсан асуудлаа хэлэцсэний дараа тэргүүлэгчдийн зүгээс бут сөөгийг тайрч засахгүй бол жижиг тэрэг харагдахгүй болчихсон байна, шаардлагатай хэдэн газар нэг наст ургамал тариад бусад газарт нь аль болох олон наст ургамал тарих хэрэгтэй, нэг жилд бүгдийг нь цэцэрлэгжүүлэх гэж зүтгэлгүй төсөвтөө тохируулаад хэсэгчилсэн байдлаар хийж болохыг сануулав. Үүнээс гадна хот тохижилтын тухай хуульд заасны дагуу жижиг гэлтгүй албан газруудтай нэг бүрчлэн уулзаж, гадна талбайдаа ядаж цэцэг тарих хэрэгтэйг хэлж, шаардах зэрэг хэд хэдэн үүрэг өгөөд цааш хөдөллөө.


Сүүлийн байгууллага бол “Орхон аймгийн нийтлэг үйлчилгээний алба”

Иргэдийн хэлж заншсанаар “Хорооллын эцэс”-т Нэг цонхны үйлчилгээ гэсэн хаягтай 3 давхар шар байшингийн 3 давхарт Нийтлэг үйлчилгээний алба байрлана. Энэ байранд 4 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа ч 4 ажлын байранд  нийт 43 ажилтантай юм байна. Албаны дарга Г.Пүрэвдэвээ байгууллагынхаа үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, тулгамдаж буй асуудлуудыг танилцууллаа. Түүний хэлснээр дотоод ажил ямар нэг асуудалгүй явагдаж байгаа, ажилчиддаа тус тусын ажлын байранд нь амрах өрөө гаргаж өгсөн, эмчийн үзлэгт хамруулдаг, хуримтлалын сан үүсгээд өвдсөн болон ар гэрт нь өвчтэй хүн байдаг ажилчдынхаа гэрт эргэж очиж, туслалцаа үзүүлдэг гээд ажилчиддаа хэрэгтэй олон асуудлыг хэрэгжүүлдэг байна.

Тэдний хувьд тулгамдаж буй асуудал нь ажилчдын нийгмийн асуудал болоод жижүүрүүдэд шөнийн нэмэгдэл өгдөггүй, одоогийн байр нь төвийн шугамд холбогдоогүй зэрэг асуудлууд байсан юм. Үүн дээр нотариатын асуудал байсан бол түүнийгээ шийдсэн удахгүй ажлаа эхлүүлнэ гэнэ. Яг энэ байранд гэр хорооллын иргэд ихээр ирж үйлчлүүлдэг, өдөртөө 40 гаруй иргэнд наториатын үйлчилгээ хэрэг болдог, түүнийгээ заавал хотын төв орж авдаг гээд иргэдэд олон чирэгдэл учирдлаг байсан нь удахгүй арилах нь ээ.

Тэдний асуудалтай танилцсан тэргүүлэгчид ажилчдын ажиллах орчныг сайжруулах талын ажлуудыг хийсэн байна гээд ажилчдаа халамжийн үйлчилгээнд хамруулах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай, гаргасан судалгаа хангалтгүй, албан бичиг хөтлөлтөн дээрээ анхаарах хэрэгтэй гэв. Мөн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва очсон газар бүртээ удирдлагуудад өөрийн сэтгэлээр ажиллах хэрэгтэй байгааг хэлж байсан юм.

Харин энэ байгууллагатай ойрхон дулааны болоод цэвэр бохир усны шугам явж байгаа учраас төвийн шугамд холбох асуудлыг шийдэхэд асуудал бага. Энэ асуудлыг шийдчихвэл зарим урсгал зардал ч хасагдах юм байна гэсэн хариу өгөв.

Ингээд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээр ахлуулсан ажлын албаны орон нутгийн өмчит байгууллагуудын үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудалтай танилцах ажил үүгээр өндөрлөлөө.

Сэтгүүлч О.Дүүрэнжаргал

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.