Орон нутагт гадаад паспорт захиалах хугацааг богиносгох ажил энэ оноос хийгдэнэ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Энэ сарын 9-нөөс 100 айлд байрлах Улсын бүртгэлийн ерөнхий газрын ачааллыг бууруулах зохицуулалт хийж, гадаад паспортын үйлчилгээг “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, 7-н буудлын “Оргил” худалдааны төв болон төвийн зургаан дүүрэгт явуулдаг болсон. Ингэснээр иргэд гадаад паспортоо дээрх газруудад байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн Улсын бүртгэлийн хэлтэст захиалж, захиалсан газраасаа паспортаа авах боломжтой болоод байгаа.

Гэтэл орон нутагт гадаад паспорт авах хугацаа нөгөө л бүтэн сар хүлээдэг хэвээрээ байсаар. Бэлдэцгүй эсвэл ачаалал ихтэй байвал энэ хугацаа улам ихэсдэг. Энэ талаар Орхон аймагт гадаад паспортын үйлчилгээ хэрхэн явагдаж байгаа талаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга Ө.Ганзоригоос тодруулахад “Гадаад паспортын хэвлэх үйлдвэр Улаанбаатарт л нэг байдаг учраас орон нутгууд 7 хоногт нэг удаа шуудангаар гадаад паспорт захиалах иргэдийнхээ материалыг явуулдаг. Хэвлэгдэж гарсан паспортууд ч 7 хоногт нэг удаа шуудангаар ирдэг. Үүнээс үүдээд орон нутагт гадаад паспорт авахад 30 хоногийн дотор гардаг юм. Иймээс орон нутагт яаралтайгаар захиалга авдаггүй. Учир нь яаралтайгаар захиалсан паспорт ажлын 3 хоногийн дотор гарах ёстой байдаг.” гэлээ.

Гадаад паспортын үйлчилгээ авах үнэний хувьд улс орон даяар ижил 32500 төгрөг байдаг юм байна. Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 340 мянга гаруй гадаад паспорт шинээр олгосон байдаг бол Орхон аймгийн хувьд 3075 иргэн гадаад паспорт авчээ. Ингэхдээ улирлын онцлогоос хамаарч зургадугаар сараас эхлэн наймдугаар сарын 15 хүртэл ачаалал хоёр дахин нэмэгддэг учраас энэ ачааллын үеэр орон нутагт гадаад паспорт захиалбал хугацаа нь сараас хэтрээд явчихдаг ажээ. Яагаад гэвэл Улаанбаатарт паспорт захиалж байгаа иргэдийн 80-аад хувь нь яаралтайгаар захиалчихдаг. Үүнээс болоод энгийнээр захиалсан орон нутгийн иргэдэд хүлээлт үүсдэг байна.

Харин сүүлийн үед 16 нас хүрсэн хүүхдүүдийн иргэний үнэмлэх гарахгүй удааширч байсан нь мөн л бэлдэцтэй холбоотойгоор удааширч байжээ. Одоо ямар ч асуудалгүй хугацаандаа хэвлэгдээд явж байгаа гэнэ.

Сэтгүүлч О.Дүүрэнжаргал

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.