Яргуйт багт “Төлөөлөгчийн нэг өдөр” өдөрлөг боллоо

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Ойдов, Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгч П.Ганзориг нар өөрсдийн сонгогдсон тойрог болох Яргуйт багт ажиллалаа.

Аймгийн ИТХ-аас санаачлан ЗДТГ, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй “Төлөөлөгчийн нэг өдөр” ажил өнөөдөр “Яргуйт” багт зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд тус багаас сонгогдсон Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Ойдов, Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгч П.Ганзориг нар хүрэлцэн ирж, иргэдтэй уулзан тэдний санал хүсэлтийг сонссон юм.

Яргуйт баг газарзүйн байршлын хувьд үер ус ихтэй бүсэд оршдог. Үүнээс шалтгаалан шавар шалбаагны асуудал их гардаг бөгөөд уг асуудлаар санал хүсэлтээ илэрхийлэх иргэд олон байсан юм. Энэ асуудлын хүрээнд үерийн далан байгуулах, засварлах, цэвэрлэх болон шавар шалбааг ихтэй гудамж талбайд шороо асгах, газрыг тэгшлэх зэрэг ажлууд явагддаг гэнэ.

Тус арга хэмжээний талаар Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгч П.Ганзориг “Энэхүү өдөрлөгт маань 15 төрийн байгууллага оролцож, иргэдэд сонирхсон сэдвээр нь мэдээ мэдээлэл өгч ажиллаж байна. Манай багт тулгамдаж байгаа асуудал гэвэл хамгийн түрүүнд үер ус, шалбаагны асуудал байгаа. Маш их үер болдог газар шүү дээ. Иргэд маань ерөнхийдөө үерийн асуудлыг их ярьж байна. Хоёрдугаарт газар олголт явагддаг учраас  газрын асуудал нэлээн байдаг. Тэр утгаараа газрын асуудал нэлээд ярьж байна. Дээр нь эрүүл мэндийн зөвлөгөө, нийгмийн даатгал зэргийг иргэд маань ихэд сонирхож, сонирхсон асуултууддаа хариулт аваад тодорхой шийдэлд хүрч байх шиг байна.” гэлээ.

Яргуйт багийн засаг дарга М.Эрдэнэбулганы хэлсэнээр тус баг одоогоор 1700 өрхийн 6000 хүн амтай, хотын төвөөсөө 10 гаран километр алслагдсан, хэдийгээр шинээр байгуулагдсан залуу баг ч хүн ам хурдацтай өсч байгаа аж. Мөн иргэдэд тулгамдаж байгаа гол асуудлууд нь нийтийн тээвэр, газар олголт, үерийн далан, шар усны үер гэх мэт байдаг байна.

Дашрамд дурьдахад, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор сар бүрийн эхний долоо хоногийн 5 дахь өдрийг төлөөлөгчийн өдөр болгон зарладаг учраас энэ өдрүүдэд төлөөлөгчид сонгогдсон баг дээрээ ажилладаг. Энэ үеэр ард иргэд харьяа баг дээрээ ирээд сумынхаа төлөөлөгчтэй уулзаж, санал бодлоо илэрхийлэх бүрэн боломжтой байдаг ажээ.

Сэтгүүлч О.Дүүрэнжаргал

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.