Хуурамч шатахууныг шинжилгээгээр тогтоосон

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хэвлэлийн /2018.04.24/ хурал хийж, Монгол Улсын зах зээлд хуурамч шатахуун худалдаагдах болсон талаар мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр /2018.05.23/ тус холбооны тэргүүн О.Бямбадэлгэр, удирдах зөвлөлийн гишүүн Б.Сайнбаяр нар  дахин хэвлэлийн хурал хийж хуурамч шатахууныг шинжилгээгээр тогтоосон тухай мэдээллээ.

Тус холбооны зүгээс Монгол дахь шатахуун түгээх станцуудын шатахуун, дизель түлшийг дотоодын лабораторт шинжилгээнд хамруулжээ. Мөн ОХУ, БНХАУ-ын лабораторид тухайн шатахуун, дизель түлшийг шинжлүүлэхээр явуулсан аж.

Автобензин, дизелийн түлшийг шинжилгээнд хамруулахдаа  ОХУ-ын “Роснефть” компанийн шатахууныг хуурамч шатахуун буюу нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг холих аргаар гаргаж авсан шатахуунтай харьцуулсан аж. Шинжилгээний үр дүнд “Роснефть”-ийн шатахуун цэвэр тунгалаг байсан бол харин хуурамч шатахуун нь булингартай харагдсан болохыг Шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр хэллээ.

ОХУ, БНХАУ-д явуулсан шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа аж. Харин дотоодын ихэнх лабораторид шинжлүүлэхэд авто бензин, дизелийн түлш нь Монгол Улсын стандартад бүгд нийцээгүй болохыг, дотоодын лабораториуд санал нэгтэйгээр “Стандартын бус шатахуун” гэдгийг нотолсон” гэв.

ШӨХТГ, МХЕГ-аас хуурамч шатахуун үйлдвэрлэж буй асуудлыг шалгаж, импортлогчдын бүтээгдэхүүнд шинжилгээ хийсэн. Шатахуун хэрэглэгчдийн холбооноос ШӨХТГ-ыг Хуурамч шатахууны ажлын хэсгийн дүгнэлтээ ил тод зарлахыг шаардлаа.

Монгол Улсад гадаадын болон дотоодын 30 гаруй компани 22 төрлийн нефтийн нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирдэг байна. Нефтийн туслах бүтээгдэхүүн болох керосин, нафта зэрэг нэмэлт бүтээгдэхүүнийг жилд дунджаар 100 мянга гаруй тонныг оруулж ирдэг аж. Тухайлбал 2016-2017 онд керосин 89663 тонн, нафта 17022 тонныг Монгол Улсад оруулж иржээ. Эдгээр нэмэлт бүтээгдэхүүнээр Нийслэлийн Багахангай дүүрэгт байрладаг “Трафигура” компани хуурамч шатахуун үйлдвэрлэдэг. Уг компани нь дэлхийн 36 оронд салбартай. Нефтийн химийн бүтээгдэхүүнийг холих эрхтэй ч зарах борлуулах эрхгүй компани. Уг компани нь керосин, нафа зэрэг нефтийн туслах бүтээгдэхүүнийг 70 хувь, дизель түлшийг 30 хувиар холин найруулж, зах зээлд шатахуун нийлүүлж байгаа гэдгийг Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр мэдээлээд байгаа юм.

Нэмэлт бүтээгдэхүүнээр хуурамч шатахуун үйлдвэрлэх шалтгаан нь гаалийн болон онцгой албан татварын хөнгөлөлт аж. Өндөр татвартай автобензин оруулж ирэхийн оронд татваргүй нэмэлт бүтээгдэхүүнээр шатахуун “найруулах”, “нэрэх” нь компаниудад ашиг орлоготой бизнес болчихоод байна. Нефть боловсруулах үйлдвэр баригдахаас өмнө нэмэлт бүтээгдэхүүн “нэрэх” бизнес хүчээ авч бүтээн байгуулалтыг гацаах вий. Нэмэлт бүтээгдэхүүн “нэрэх” бизнесийн цаана үндэстэн дамнасан мөнгө угаах бүлэглэл байгаа гэж үзэж буйгаа Шатахуун хэрэглэгчдийн холбооныхон дуулгалаа.

Монгол Улсын хэмжээнд 2016 онд 34 мянга гаруй тонн, 2017 онд 16 мянган тонн керосин, нафта, техникийн керосин, алкилате зэрэг 22 нэр төрлийн нэмэлт бүтээгдэхүүн оруулж иржээ. Эдгээр бүтээгдэхүүнд гаалийн албан татвар ногдуулаагүй аж. Керосин, нафта зэрэг бүтээгдэхүүн нь хагас боловсруулсан нефтийн нэмэлт бүтээгдэхүүн учир онцгой албан татвар ногдуулах нь зөв ба татвар ногдуулсан тохиолдолд 2016 онд 27 тэрбум төгрөг, 2017 онд 30 тэрбум төгрөг тус тус онцгой албан татварын орлогод төвлөрүүлэх боломжтой байсан гэдэг тооцоог гаргажээ.

Эх сурвалж: SHUUD.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.