ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ГУТААН ДОРОМЖЛОГЧДОД ХУУЛЬ САНУУЛЖ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ

0
59

2022.05.26-нд Erennews.mn пэйж хуудсанд “Цахар, торгуудын дундаас өөлд хүүхдүүд төрж болдог юмуу? Богд Ар хорооллыг барьсан Монголын иргэншил авсан хятадуудын яс, үндэс, ургийн овог маш их анхаарал татаж байна” гарчигтай 6 минут 28 секундын нэвтрүүлэг цацагдсан бөгөөд 2022.06.07-ны байдлаар 64 лайк, 20 коммент, 3300 орчим хандалт авч, 162 удаа шэйр хийгдсэн аж. Тус сайтын эрхлэгч өөрийн фэйсбүүк хуудсанд:
“Эцэг өвгөдийн минь цус нтр байхгүй болсон уу
Энэ иргэншлийн асуудал дээрээ анхаараачээ. Цахар торгууд өөлд үндэстэн болж ургийн овог нь Боржигийн бор хамар болжээ. Цахар торгуудын дундаас өөлд хүүхдүүд төрдөг юм бхдаа. Сумьяабэйсийн үр удмыг мөхөс би гүтгэсийн бхөө” гэж постолж, цахар Х.Идэнбаярыг сошиалд “хужаа хятад” хэмээн цоллож, гүтгэн гүжирдсэн юм. Тухайлбал, “Богд Асар” ХХК-ийн захирал Х.Идэнбаярын эхнэр, хүүхдүүдийн фото зураг болон хувь хүний нууцад хамаарах мэдээллийг сошиалд цацахдаа цахар, торгууд хоёрын дундаас гарсан хүүхдүүд эцгийн талаа дагаж “цахар” байх зүйлийг мушгин гуйвуулж “өөлд” гэж харлуулаадхав. Монгол Улсад албан ёсны иргэншлээ авч, бүрэн эрхт МОНГОЛ УЛСЫН ИРГЭН болсон энэ гэр бүлийг гутаан доромжилж, нэр төрд бүдүүлгээр халдсан нь даанч харамсалтай. “Хүн гэдэг мэддэггүй юмныхаа дайсан” гэж үг бий. ОНМХ-д ажилладаг сэтгүүлч аливаа мэдээллийн худал үнэнийг сайтар шалгаж нягталсны дараа олон нийтэд хүргэдэг мэргэжлийн ёс зүйтэй байх ёстой.

Одоогоос гурван жилийн өмнө ТВ4 телевизээр дээрх фото зураг болон хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг илт мушгин гуйвуулж худал мэдээлэл цацсаны улмаас “Богд Асар” ХХК-ийн захирлын нэр төр, ажил хэргийн алдар хүндэд халдсан нь шүүхээр тогтоогдож, хуулийн хариуцлага хүлээсэн бодит кейс байдаг. Сийрүүлбэл, “ТВ4 телевизээр 2019.09.17-нд нэвтрүүлсэн “Хятад цагаачид Хан-Уул дүүрэгт 25 га газар бэлэглэсэн түүх сөхвөл” агуулгатай мэдээнд иргэн Х.Идэнбаяр нь Хэвлэл мэдээллийн зөвлөлд хандаж гомдлыг нь хянан хэлэлцээд ТВ4 телевиз нь “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.1, 1.2, 1.4, 1.5, 2.2, 3.2, 4.2 заалтуудыг зөрчсөн” гэж ХМЗ-өөс 2019.12.16-нд 01/207 тоот шийдвэр гаргаж байжээ. Түүнчлэн 2020.04.03-ны өдөр хуралдсан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн дугаар 762 тоот магадлалд:“…ТВ4 телевиз нь нэхэмжлэгч Х.Идэнбаярын иргэний нэр, нэр төрийг гутаасан мэдээ тараасан гэж дүгнэж, мэдээ тараасан хэлбэр, арга хэрэгслээрээ няцаалт хийхийг хариуцагч “ТВ дөрөв” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт нийцнэ” гэж дурджээ. Улмаар  2020.06.17-нд СБД-ийн ИХАШШ-ээс СБД-ийн ИХАШШ-ийн 2020.02.07-ны өдрийн 181/ШШ2020/00414 дугаар шийдвэр, НИХДЗШШ-ийн 2020.04.03-ны өдрийн 762 дугаар магадлалын дагуу Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх Шүүгчийн захирамж гарч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Шүүхийн гүйцэтгэх хуудас явуулсан байдаг. Үүний дагуу 2020.10.28-ны өдөр НШШГГ-т ТВ4-ээс ирүүлсэн мэдэгдлийн хариуг уншигч танаа хүргэе. Тухайлбал: “ШШГБ-ын харьяа Нийслэлийн ШШГГ-ын 2020.09.29-ний өдрийн 4-154/35446 тоот мэдэгдлийн хариуг  “ТВ дөрөв” ХХК-ийн ТВ4 телевиз нь 2020.10.22-ны өдрийн 21:00 цагийн Мэдээллийн хөтөлбөрөөрөө няцаалт хийж, мэдээгээ эфирээрээ нэвтрүүлсэн болохыг мэдэгдэж байна. Уг няцаалт мэдээ нь 10-р сарын 23-ны өдрийн 00:00, 02:00, 05:00, 09:00 цагуудад давтан цацагдсан нь үнэн болно” гээд мэдээг дамжуулж байх үеийн зургуудыг хавсаргажээ. Урьд өмнө нь ТВ4 телевизээс иргэн Х.Идэнбаярын “хужаа хятад” гэж нэр төрд нь халдаж, доромжилсныхоо төлөө СБД-ийн ИХАШШ болон Нийслэлийн ДЗШШ-ийн шийдвэрээр ийнхүү хуулийн хариуцлага хүлээсэн байтал тухайн сайт ийнхүү хууль зөрчиж, иргэний нэр төрд увайгүй халдан “галаар наадах” хэрэг байсан уу гэж асууя. Бид хууль ёст оронд амьдарч байгаа учраас хэн нэгнийг амны зоргоор доромжилж бас гутаах үйлдлийг гаргаж болохгүй гэдгийг анхааруулсан жишээг дурдлаа.

Дээрх хууль бус үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүү, Иргэн болон Зөрчлийн тухай хуулийн хэд хэдэн зүйл, заалтыг зөрчсөн байдаг. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна”; Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17-д “…Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах…нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэсэн заалтыг тус тус зөрчжээ. УБЕГ-ын Иргэний бүртгэл мэдээллийн лавлагааг хэн дуртай нь олж авчихаад ОНМХ-ээр цацдаг болчихсон хууль бус үйлдлийг даруй таслан зогсоохгүй бол хүний эрх зөрчигдөх ноцтой асуудал үүсэх нь мэдээж. УДШ-ийн 2007 оны 40 дүгээр тогтоолд Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг дараах байдлаар тайлбарласан. Тухайлбал,

1. “Тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдад өгч буй үнэлэмжийг “НЭР ТӨР”
2. “АЛДАР ХҮНД” гэдэгт бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг хэлнэ” гэжээ.

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Худал мэдээлэл тараах” гэдэгт “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн байдаг.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал медиа платформын нөлөөнөөс болж хувь хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг болсон нь үнэн. Одоогийн байдлаар хүний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, түүнийг хамгаалах харилцааг Үндсэн хууль, Эрүү болон Иргэний хууль, Зөрчлийн тухай хуулиар тус тус зохицуулагдаж байна. Дээрх эрхийн хамгаалалтын харилцаан дахь Зөрчлийн хуулиар зохицуулсан зохицуулалтыг түр орхиж, Иргэний хууль, Иргэний хэргийн шүүхээр нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хэрхэн хамгаалдаг тухай энгийнээр тайлбарлая.

Монгол Улсын Иргэний хуулиар иргэний нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийн хамгаалалтын зохицуулалтыг тусгасан байдаг бөгөөд энэхүү эдийн бус харилцаа нь хуулиар тодорхойлсон хоёр субъектын хувьд харилцан адилгүй тодорхойлогддог. Үүнд:

А.Иргэний нэр төр, алдар хүнд ба ажил хэргийн нэр төр, түүнийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг хамгаалах, сэргээх.
Б.Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүнд, түүнийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг хамгаалах, сэргээх зэрэг болно.

Түүнчлэн Иргэний хуулийн 511 дэх хэсгийг хамт хэрэглэх буюу сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр нэхэмжилж болно гэж үздэг. Үүнд:
511.1.Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ.
511.2.Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно гэж тус тус заасан байдаг.

“Богд Асар” ХХК одоогоос 15 жилийн өмнө ХУД-ийн 8-р хорооны /хуучнаар 10-р хороо/ нутаг дэвсгэрт Наадамчдын гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн урд талд байршуулан Орон сууц, үйлчилгээний цогцолбор барих зориулалттайгаар 25 га газрыг НЗД-ын 2007.10.23-ны өдрийн 511 тоот захирамжаар авч, дуудлага худалдааны үнэ 3,3 тэрбум төгрөг төлсөн асуудал одоог хүртэл шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй шүүхийн шатанд явж байгаа хэрэг билээ. Шүүхийн шатанд яваа хэргийг олны тархийг угаах зорилгоор хэзээнээсээ “хятад хүнд дургүй” массын дургүйцлийг албаар төрүүлэхийн тулд гүтгэлгийн шинжтэй үйлдэлтэй эвлэрэх аргагүй. Дэлхий дахин глобальчлагдаж, нэг дээвэр дор амьдарч буй өнөө цагт “сэтгүүлч нэр зүүсэн зарим нөхөд” ОНМХ-ийг ашиглаж, бусдыг хэл амаар доромжлох, “хужаа, хятад”-аар дуудах, “монгол цус”-ны талаар дэмийрэх гэхчлэн ёс зүйгүй хандлага газар авч байна.

Сэтгүүлч хүн бодит баримт факт, эх сурвалжийг үндэслэн нийтлэл нэвтрүүлгээ бичиж туурвидаг үндсэн зарчимтай. “Нүд үнэн, чих худалч” гэдгийн адилаар Монгол Улсын иргэн ХӨХНЭЭГИЙН ИДЭНБАЯРЫН өвөг дээдэс цахар түмний тухай түүхийн баримт сэлт хийгээд ургийн бичигт тулгуурласан  А4 хэмжээтэй цаасан дээр 3 хуудас бүхий ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор (Ph.D), профессор Г.Мягмарсамбуугийн 2022.01.10-ны өдөр албан ёсоор тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан тодорхойлолт миний өмнө дэлгээстэй байна. Тус тодорхойлолтод дурдахдаа:

“…Цахарууд нь ИХ ХААНЫГ хамгаалах үүрэгтэй “хишигтэн” цэргээс үүсэлтэй бөгөөд тэд эзэн хаандаа хамгийн үнэнч, итгэлтэй, цэргийн эрдэм ухаанд шалгарсан, шилдэг дайчин эрс байсан тул түүхэн сурвалжид:
“Цавчих илдний ир болсон
Цариг дуулганы дэл болсон
Цахар түмэн…” хэмээн бахархан бичжээ.

Тэд өнөөгийн Монгол Улсын зүүн хэсэг, Өвөр Монголын Шилийн гол, өмнө зүгт Шар мөрөн, хойт зүгт Хөлөнбуйр хүртэлх өргөн уудам газраар нүүдэллэн аж төрсөөр иржээ. …Цахарын Лигдэн хааны хүү Абунай, ач хүү Бурни нар Манж Чин улсын дарлалыг эсэргүүцэн зэвсэгт тэмцэл өрнүүлсэнд Манжийн хаан бослогыг цэргийн хүчээр дарж, Абунайг хөвчилж хороон, “Цахар хааны үндсийг тасалж, цахруудыг бутарган тараах харгис бодлого явуулжээ. Ил Тарвагатайн Бор талын Цахар монголчууд XIX зууны сүүлч, ХХ зууны эхээр Үндэсний эрх чөлөөнийхөө төлөө тэмцэлд боссон бөгөөд Бор талын Цахар аймгийн Зүүнгарын Бүгдийн дэд дарга Лаварын Сумъяа удирдаж байв. Л.Сумъяагийн удирдсан 271 хүн 1912 оны өвөл Монгол Улсдаа ирсэн бөгөөд Богд хааны зарлигаар Хиагт хотод суулгаж, эрчүүдийг нь цэргийн албанд оруулж, 1913 онд Л.Сумъяаг өмнө хязгаарын Дарьгангын цэргийг захирах сайдаар томилжээ. 1913 онд Өвөр Монголыг хятад цэргээс чөлөөлөх дайнд Долоннуур хүртэл давшиж, олон удаагийн тулалдаанд ялалт байгуулсан тул Богд хааны зарлигаар Л.Сумъяад “Ялгуунбаатар” цол шагнаж, Хиагтын баруун талын харуулаас нутаг олгон, харьяат ардаар тусгай хошуу байгуулан Түшээт хан аймагт захируулсан нь одоогийн Сэлэнгэ аймгийн Түшиг сум юм. Ялгуунбаатар Л.Сумъяа бэйс түүний дүү Л.Дэмбэрэл болон тэдний удирдсан цахар цэргүүд 1921 оны хавраас Монголын тусгаар тогтнолыг сэргээх тэмцэлд нэгдэж, Ардын журамт цэргийг үүсгэн байгуулж, Монгол орныг хятад, орос цэргээс чөлөөлөх үйл хэрэгт үнэлж баршгүй гавьяа байгуулсан түүхтэй.

…Монгол Улсын иргэн Хөхнээгийн Идэнбаярын өвөг дээдэс нь Ил Тарвагатайн Бор талын Цахар монголчуудын нэг бөгөөд ургийн бичигт тэмдэглэснээр өвөг дээдэс нь Мэндээ хэмээх хүн байв. Түүний хүү Шажиа, Шажианы хүү Борхамар, Борхамарын хүү Даш, Дашийн хүү Энхээ, Энхээгийн хүү Хөхнээ, Хөхнээгийн хүү Идэнбаяр /Ядамбаяр/ болно. Цахар монголчууд нь Монголоо гэсэн сэтгэлтэй, Монголдоо хайртай, тусгаар тогтносон Монгол улсдаа ирж, Монголынхоо иргэн нь болох чин хүсэлтэй. Гэвч энэхүү хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь асар их саад бэрхшээл учирдаг учраас хүн болгон тэрхүү хүсэл мөрөөдөлдөө хүрэх боломжгүй юм. Харин 1990 онд Монгол Улсад Ардчилсан хувьсгал ялж, ах дүүсийн хоорондын харилцаа холбоо сайжирч, 1992 онд Бор талын Цахар монголчуудаас Хөхнээгийн Идэнбаяр гэр бүлийн хамт маш их саад бэрхшээлийг даван туулж, Монгол Улсдаа ирж, Монгол Улсынхаа бүрэн эрхт иргэн нь болж, Монгол Улсынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж яваад бид баярлаж, бахархах учиртай” хэмээжээ.

Цахар түмний үр сад Х.Идэнбаярын уг гарвал 9 үеэсээ дээш өвөг дээдсийнхээ нэр алдрыг ургийн бичигт нягт нямбай тэмдэглэн хуучин монгол бичгээр чамбай нь аргагүй бичигдсэн эх хувийг СГЗ, доктор Б.Галааридын хамт хуудас бүрийг эргүүлэн харж, бахархан бахдаж байв. Уг гарвалаа мэдэхгүй хүн “ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэлцдэг Монгол түмний “тасарсан мах, үсэрсэн цус” ЦАХАР МОНГОЛЧУУДЫН үр садыг Монголоо гэж зорьж ирээд эцэг өвгөдийнхөө цусаараа тамгалсан эх нутагтаа “хүний их эмч” мэргэжилтэй атлаа Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан Цахар Хөхнээгийн Идэнбаярыг захын нэг сэтгүүлч санаан зоргоороо “хужаа хятад цустай” гэж гүтгэн гүжирдсэн нь эмгэнэлтэй санагдсан учраас уг удмыг нь мэдэхгүй байж улс түмнийг гутаан доромжлох эрх хэнд ч байхгүй гэдгийг ойлгуулах үүднээс Үндсэн хууль, Эрүү болон Иргэний хуулийн зүйл заалтыг дурдаж, уг удмын үүх түүхээс цухас дурдахад ийм байна.

Эцэст нь хэлэхэд, Монгол Улсын нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч, үйл ажиллагаа явуулж буй хэнбугай ч бай ялгаагүй Үндсэн хуулиар олгогдсон заяагдмал эрхүүдээ эдлэхээс гадна хуулийн хариуцлага хүлээдэг эрх зүйн этгээд гэдгээ ухамсарлаж, бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох бохир заваан үйлдлээс ангид байхыг хичээх нь зүйд нийцнэ. Учир нь, бид хууль ёст оронд амьдарч байгаа Бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улсын ИРГЭН гэдгээ хэзээ ч бүү мартагтун.

ХУУЛЬ ДОР ИРГЭН ЗАХИРАГДАЖ
ИРГЭН ДОР ХУУЛИА ДЭЭДЭЛМОЙ!!!

Сэтгүүлч М.Эрдэнэчимэг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.