“Катар-2022” ДАШТ-ий нэгдүгээр тойргийн сүүлийн тоглолтууд боллоо

0
48

ШВЕЙЦАРЬ 1 – 0 КАМЕРУН

Брил Эмбологийн ганц гоолын ачаар Швейцарь хэсгийн эхний тоглолтдоо ялалт байгууллаа. Өдгөө 25 настай Эмболо Камерун гаралтай бөгөөд эх орныхоо эсрэг гоолдсоны дараа баяраа тэмдэглэсэнгүй. Камерунд гоол оруулах цөөнгүй боломж олдсон ч тэд ашиглаж чадсангүй. Тоглолт Швейцарийн ялалтаар өндөрлөв. Энэхүү тоглолтын шилдгээр Швейцарийн хаалгач Ян Зоммер тодорсон юм.

УРУГВАЙ 0 – 0 ӨМНӨД СОЛОНГОС

Аль, аль багуудад гоол оруулах сайхан боломж олдсон ч ашиглаж чадсангүй. Эхний үед Өмнөд Солонгос ялимгүй илүү тоглолт үзүүлж байсан бол хоёрдугаар хагаст Уругвай илүү байлаа. Өмнөд Америкийн баг гоол оруулах боломж олдсон ч тэдэнд хаалганы хөндлөвч, шон саад болсон юм. Тус тоглолтын шилдгээр Федерико Вальверде тодорчээ.

ПОРТУГАЛ 3 – 2 ГАНА

Кристиано Роналдо энэхүү тоглолтод гараанд гарч тоглосноор таван дэлхийн аваргад тоглосон цөөн тоглогчийн нэг болоод зогсохгүй таван дэлхийн аваргад дараалан гоолдсон хөлбөмбөгийн түүхэн дэх анхны тамирчин болжээ. Тэрбээр тоглолтын хоёрдугаар хагаст торгуулийн цохилтоос тооны харьцааг нээсэн.

Роналдо ДАШТ-ий анхны гоолоо 2006 зургадугаар сарын 17-ны өдөр Ираны эсрэг оруулж байжээ.

Тоглолтын дараа Роналдо “Гайхалтай мөч тохиолоо. Миний тав дахь ДАШТ. Бид ялалт байгууллаа. Зөв хөл дээрээ бослоо. Таван ДАШТ дараалан гоолдсон анхны тамирчин болсондоо баяртай байна, бахархаж байна. Би зөвхөн ДАШТ-д л төвлөрч байна. Бусад нь чухал биш ээ” гэжээ.

Роналдо тоглолтын өмнө төрийн дууллаа сонсоод сэтгэлдээ сэмхэн мэгшиж байлаа.

Роналдогийн гоолын дараа Гана хариуг нь барьж, Андре Айю гоол оруулсан. Гэвч төд удалгүй Португалаас Жоао Феликс, Рафаэль Леао нар гоолдож, баг нь 3-1 гэсэн харьцаатай дахин тэргүүлж эхэлсэн. Гана ч бууж өгсөнгүй. 89 дэх минутад Осман Букари мөргөж гоолдон, Роналдогийн өмнө гоолын баярыг нь дуурайн хийв. Тоглолтын төгсгөлд Ганын довтлогч Инаки Уиллиамс Португалын хаалгачийн болчимгүй алдааг гоол болгох боломжтой байсан ч хальтирчихсан.

БРАЗИЛ 2 – 0 СЕРБИ

Нэгдүгээр тойргийн хаалтыг дээрх хоёр баг хийсэн. Сербийн шигшээн хамгаалалт нэгдүгээр үед алдаа бага гаргаж чадсан. Харин хоёрдугаар үед Бразилын довтолгооны тамирчид тайлан тоглолтоо хийв. Тэдний зохион байгуулсан довтолгоо бүр аюул учруулж, хоёр нь гоол болсон. Тодруулбал, Ричарлисон зөв цагтаа зөв газраа байж, хоёр гоол оруулсан. Ялангуяа түүний сүүлийн гоол энэ удаагийн ДАШТ-ийг чимсэн тун гайхалтай гоол байлаа.

Энэхүү тоглолтод Неймар гялалзаж байсан бөгөөд энэ багийн гол лидер гэдгээ хангалттай харуулсан. Харамсалтай нь тоглолтын төгсгөлд шагайндаа бэртэл аван талбайг чөлөөлсөн юм. Түүний бэртлийн мэдээлэл удахгүй дэлгэрэнгүй болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.