Г.ЭРДЭНЭБАЯР: ЦАГДААГИЙН ГАЗРААС ТОРГОХООС УРЬТАЖ САНУУЛЖ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ АЖИЛЛАНА

0
Орхон аймаг дахь Цагдаагийн газрын ГБХУС ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Эрдэнэбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Цагдаагийн газарт 2021 оны эхний 10 сард бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа онцлох ажлуудын талаар мэдээлэл өгөөч?

-Орхон аймагт 2021 оны эхний 10 сарын байдлаар нийт гэмт хэргийн гарал -12,5% буурсан эерэг үзүүлэлттэй байгаа хэдий ч зарим төрлийн гэмт хэрэг, зөрчил таслан зогсоогдохгүй байна.
Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил явуулахдаа гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцлийг үндэслэн, нутаг дэвсгэр, улирлын онцлог, хүн амын нягтаршил зэрэг нөхцөл байдалд тулгуурлан урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Та бүхэн сайн мэдэж байгаа байх, зуны буюу аялал зугаалгын улиралд орон нутгийн замд зам тээврийн осол гэмтэл зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Яараад яахав дээ” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулдаг. Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд “Мал мах”, “Зэвсэг 2021” зэрэг нэгдсэн арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.

Орхон аймгийн Цагдаагийн газраас иргэдэд чиглэсэн, урьдчилан сэргийлэх, ямар арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна бэ?

-Цагдаагийн газрын даргын өгсөн үүрэг, бодлого чиглэлийн дагуу иргэдэд торгууль оногдуулахаас илүүтэйгээр урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, сануулах зэрэг ухуулга, нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.
Иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээлэл өгөх зорилгоор хууль сурталчилсан, богино хэмжээний видео шторк, сэрэмжлүүлэгийг бэлтгэн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр, лед дэлгэцүүдээр нэвтрүүлж, мөн Цагдаагийн газрынхаа цахим болон пэйж хуудсаар дамжуулан олны хүртээл болгож, нийгмийн хариуцлагын хүрээнд Төрийн болон Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, олон нийтэд хууль зүйн эерэг зөв мэдээллийг хүргэхийг зорин ажиллаж байна.
Жишээ нь: Анх удаа зөрчил гаргасан буюу тухай үйлдэл нь зөрчлийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нийгэмд учруулах хор аюулын шинж чанар ялимгүй, мөн зөрчил үйлдсэн этгээд насанд хүрээгүй зэрэг асуудлуудад аль болох сануулах, гэмт хэргийн хор хөнөөлийг тайлбарлан таниулах зэрэг арга хэмжээнүүдийг нэг бодлого чиглэлээр хэрэгжүүлж байгаа.
Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, Улсын болон аймгийн Онцгой комиссын тушаал шийдвэр, аймгийн Засаг даргын захирамж, хорио цээрийн дэглэм зөрчсөн, хууль бусаар архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан, иргэдийн аюулгүй амгалан тайван байдлыг алдагдуулсан, хувийн өмч, хүний биед халдсан, хүний эрх зөрчсөн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зэрэг хэрэг, зөрчилтэй хатуу тэмцэж дахин давтан үйлдэл гаргахаас урьдчилан сэргийлж, хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэгдсэн эргүүл шалгалтуудыг тогтмол зохион байгуулж байна.

-Та хэллээ, иргэдэд “Мал мах”, “Зэвсэг 2021” нэгдсэн арга хэмжээнүүдийн зорилго зорилтын талаар мэдээлэл өгвөл.
-Цагдаагийн газраас “МАЛ МАХ” нэгдсэн арга хэмжээний зохион байгуулагдаж, уг ажлын хүрээнд эргүүл шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Иргэд та бүхэн эзэн нь тодорхойгүй, гарал үүслийн бичиггүй мал махыг худалдан авахгүй байх, сэжиг бүхий иргэд олон тооны гарал үүслийн бичиггүй мал, мах худалдан борлуулж байгаа мэдээ мэдээллийг Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлж хамтран ажиллах хэрэгтэй байна.
“Зэвсэг-2021” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Галт зэвсгийн тухай хууль, хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны а/220 дугаар тушаалаар батлагдсан “Галт зэвсгийн тооллого явуулах журам”-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн бүртгэл тооллого энэ оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах тул байгууллага, аж ахуйн нэгж, иргэн та бүхэн галт зэвсгийн тооллогод идэвхтэй хамрагдаж, өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсгийг гэрчилгээний хамт Цагдаагийн газрын 2-р байр Нийтийн хэв журам хамгаалах тасагт ирж бүртгүүлэх шаардлагатай байна.
Мөн Монгол Улсын Засгийн газар жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн НҮБ-ын Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг зохион байгуулдаг, энэ арга хэмжээг аймаг, орон нутагтаа зохион байгуулахаар бэлтгэл ажлын хангаад байгаа бөгөөд Хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх болзошгүй аюулаас сэрэмжлэх зорилгоор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл урлагийн газруудтай хамтран Ерөнхий боловсролын сургуулиудад бүлгийн болон ганцаарчилсан сургалтуудыг хорио цээрийн дэглэм сахин зохион байгуулаад 50 орчим хувьтай байна.
Иргэддээ анхааруулж хэлэх зүйл байна уу?
-Та бүхэн Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг дэмжээрэй, хамтран ажиллаарай, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлээрэй, анхаарал болгоомж хаана ч илүүдэхгүй шүү гэж хэлье. Мөн Цахим орчинд гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, амар хялбар аргаар мөнгө олох, мөнгөтэй болох сугалаа, койн, цахимаар эд зүйл захилах, зээлэх авах зэрэг зүйлээс татгалзаж өөрийн хувийн нууцлалыг хангахыг зөвлөж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.