Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагааг шинэ цогцолборт зохион байгуулахаар төлөвлөж байна

 Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга Б.Зоригтбаяр нар өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтаар баригдаж буй Соёл, спортын “Эрдэнэт” цогцолборын барилгын ажлын явцтай танилцлаа. Огторгуйн орон зайн шилбэн систем бүхий металл хучилтан дээвэртэй, төмөр бетон цутгамал хийцтэй, 16000 м2 ашиглалтын талбайтай тус цогцолбор нь нийт 298 өрөө тасалгаатай. Үүнд үзвэрийн танхим, үзэсгэлэнгийн өрөө, албан тасалгаа, техникийн болон бэлтгэл сургуулилтын өрөө, урлаг, спортынхны хувцас солих өрөө, буудал, ресторан зэрэг багтаж байна. Үзэгчдийн нийт 1500 гаруй суудалтай. Нэмэлтээр зөөврийн 900 орчим суудал нэмэх боломжтой бөгөөд, ингэснээр 2400 орчим үзэгч хүлээн авах хүчин чадалтай юм. Одоогийн байдлаар барилгын ажил 98 хувийн гүйцэтгэлтэй яваа бөгөөд дотор заслын ажил бүрэн дуусаж, цэвэрлэгээ хийхэд бэлэн болжээ. Харин гадна дэд бүтцийн үерийн суваг байгуулах, эко хавтан суурилуулах, хашаа будах зэрэг тохижилтын ажлууд үлдсэнийг Эрдэнэт үйлдвэрийн зүгээс танилцууллаа. Энэ үеэр Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр долдугаар сарын 23-наас 25-нд болох Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн хүлээн авалтыг Эрдэнэт үйлдвэртэй хамтран, шинэ цогцолборт зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа онцоллоо. Түүнчлэн, Соёл, спортын “Эрдэнэт” цогцолбор орчмын газар доорх дэд бүтцийн шугамыг хүчитгэхэд аймаг 270 сая төгрөгийн санхүүжилт гаргажээ. Энэхүү ажил гурав хоногийн дараа дууссанаар Соёл, спортын “Эрдэнэт” цогцолбор болон Бурхан багшийн сэрэг дүрийг холбосон авто замын ажлыг “Өлзийхутагийн Наран” ХХК үргэлжлүүлэх аж. 2020 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын санхүүжилтээр хэрэгжүүлсэн 1А хорооллын дэд бүтцийн төслийн үлдэгдэл 2.4 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тусгаснаар цогцолбортой холбогдох авто замын ажлыг бүрэн дуусгах боломж ийнхүү бүрджээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Эрдэнэт хотын 50 жилийн түүхэн дэх олон нийтийн зориулалттай хамгийн том бүтээн байгуулалтыг Үндэсний их баяр наадмын өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Дөрвөн давхар уг барилга нь агааржуулалтын систем, байнгын болон зөөврийн тайз, орчин үеийн дууны тоног төхөөрөмжтэй бөгөөд 400 орчим автомашины зогсоолтой. Барилгын ажлыг Эрдэнэт үйлдвэрийн Барилга засварын цехийн хамт олон гүйцэтгэсэн юм.