АВТОТЭЭВРИЙН ЦЕХИЙН ХАМТ ОЛОН “ДАРХЛААЖУУЛАЛТЫН 4-Р ТУН”-Д ИДЭВХТЭЙ ХАМРАГДАЖ БАЙНА

0

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд өрнөж буй “Дархлаажуулалтын 4-р тун” аяны хүрээнд Автотээврийн цехийн хамт олон сонирхолтой олон үйл ажиллагаа зохион байгуулан бие, сэтгэлийн дархлаагаа дэмжиж байна. Тус цехийн ажилчдын 60 хувь нь залуус учраас өөрийн цехийн онцлогийг харуулсан чалленж, хөгжимт дасгал, бүжгээр аянд нэгджээ. Тухайлбал, өдрийн ээлжийн 300-аад хүнийг хамарсан хөгжимт дасгал хийж хэвшсэн бол шөнийн ээлжийн ажилчид ядарсан уураг тархи сэргээх, биеийн чилээ арилгах, нугасны мэдрэлд сайнаар нөлөөлөх зөөлөн хэмнэлтэй дасгал хийдэг байна. Түүнээс гадна тус цехийн Зорчигч тээврийн хэсгийн хамт олон ажилчдын автобусанд “Уурхайчин би” дууг цар тахлын эсрэг тэмцсэн эмч, сувилагч, цагдаа, дотоодын цэргийн хувцастай ажилчид эхлүүлэн дуулах үйл ажиллагаа зохион байгуулав. Өглөө ихэвчлэн нүдээ аньсан, чихэвч зүүсэн явдаг нэгэн хэвийн нам гүм уур амьсгалыг өөрчилж, эрч хүч бэлэглэн сэргээж байгаа нь дархлаа дэмжээд зогсохгүй ажлын бүтээмжид ч сайнаар нөлөөлж байгааг ажилчид ярьсан юм. Дараагийн удаа Автотээврийн цехийн эмэгтэйчүүд сүүлийн хоёр жил хит болсон, дэлхий нийтийг ковидын эсрэг тэмцэлд уриалсан Жерусалема бүжгээр аянд нэгдэж, өдөрлөг зохион байгуулахаар бэлдэж байна.

М.Одгэрэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.