С.Амарсайхан: Цагаан сараар хөл хорио тогтоохгүй

0
301

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэртэй холбогдуулан цаг үеийн асуудлаар Шадар сайд С.Амарсайханаас тодрууллаа.


Эрүүл мэндийн яамнаас энэ сарын сүүлчээр омикроны давалгаа дэгдэхийг анхааруулсан. Тиймээс Сар шинийн баяраар хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах уу. Ер нь ямар зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Covid-19 халдварын шинэ хувилбар болох омикроны давалгаа нэг, хоёрдугаар сар дэгдэх магадлал өндөр байгаа. Иймд Засгийн газар зөвхөн гэртээ цагаан сарын ёсолж тэмдэглэх санал гаргаж байна. Ах дүү, амраг садандаа очиж золгох нь эрсдэл өндөр гэдгийг сэрэмжлүүлсэн. Гэхдээ хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаагүй.

-Хэрэвзээ омикроны халдвао дэгдвэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дахин хойшлуулах уу?

-Хүйтний эрч чангарсан үед ханиад томуутай зэрэгцээд Covid-19 халдвар хавсрах өндөр эрсдэлтэй. Иймд хоёрдугаар сарын 1-нд сурагчдын амралт дуусах хүртэл тухайн үеийн нөхцөл байдлыг харж, эрсдэлийн үнэлгээгээр шийдвэрлэнэ.

Гадаадаас ирж байгаа иргэдэд ямар хяналт тавьж байна вэ. Өмнө нь “Энхсаран” сувилалд гарсан алдаа дахин давтах вий гэсэн болгоомжлол байгаа?

-Гадаадаас ирсэн иргэдийг гурав хоног тусгаарлаж байна. Энэ ажлыг УОК-ын Шуурхай штаб болон Эрүүл мэндийн яам хариуцаж байна. Ямар нэгэн эрсдэл гаргахгүй байх талаар, ялангуяа тусгаарлах байрны ариутгал халдваргүйжүүлэлтэд анхаарч байна. Халдвар хамгааллыг мөрдүүлэх чиглэлд хяналтууд тавьж байна. Гэсэн ч эрсдэлтэй байгаа учраас бүх шатанд алдаа дутагдал гаргахгүй байхад хянаж зохион байгуулалт хийж байна.

-Дэлхийн эрүүл мэндийн мэндийн байгууллага омикрон хувилбарын тархалт маш хурдан  болохыг анхааруулж байгаа. Монгол Улсад халдварын тохиолдол бүртгэгдвэл хөл хорио тогтоох уу?

-Өнгөрсөн хугацаанд халдварын тархалт өндөр байсан ч Засгийн газар аль болох хөл хорио тогтоохгүй байр суурь барьж ирсэн. Цаашид ч хөл хорио тогтоохгүй. Нөхцөл байдал үнэхээр хүндэрч, хязгаарлалт тогтоохоос өөр аргагүйд хүрэхгүй бол аль болох чөлөөтэй, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх бодлого барина.

-Нэмээд асуухад, дүүжин тээврийн захиргаа татан буугдсан ч уг төслийг үргэлжүүлэх ёстой гэсэн байр суурийг та илэрхийлсэн. Төсөлд зарцуулсан хөрөнгийг хэн хариуцаж төлөх вэ?

-Дүүжин тээврийн төсөл цаашид үргэлжлэх ёстой. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд 0.75 хувийн бараг  хүүгүй шахам урт хугацааны зээлийг хотын дарга байхдаа би хөөцөлдөж, Францаас худалдан авах ажлыг өөрөө гардсан. Засгийн газар хооронд хэлэлцээр хийж УИХ-аар хууль батлуулсан. Тиймээс түгжрэлийг шийдвэрлэх, дэд бүтцийг сайжруулах хүрээнд төсөл явна. Харин гардаж хэрэгжүүлэх ажлыг хотын захиргаа хэрэгжүүлнэ. Цаашид ямар хугацаанд үргэлжлүүлэхийг хотын захиргаа мэднэ. Мөн энэхүү төслийн захиргааг татан буулгаагүй, шинээр шилжүүлсэн гэсэн мэдээллийг өгсөн.  Өчнөөн хөрөнгө оруулалт хийж татсан ажлыг татан буулгаж болохгүй. Гаргасан төсөлтэй холбоотой хөрөнгө мөнгийг холбогдох Сангийн яам, нийслэлийн захиргаа хариуцна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.