Дарханы замаар аравдугаар сараас саадгүй зорчино

0
469

Дарханы замыг шинэчлэх ажил 2019 онд эхэлж өдгөө дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Нийт 204.11 км урт энэхүү замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажлыг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголтын банкны тусламжтайгаар хэрэгжүүлж байгаа юм. Хийх ажлыг ерөнхийд нь таван багцад хуваасан бөгөөд энэхүү таван багц нь дотроо хоёр хэсэгтэй. Азийн хөгжлийн банкны санхүүжилттай хуучин замыг сэргээн засварлах нэг хэсэг, Европын сэргээн босголтын банкны санхүүжилттай нэмэлт хоёр эгнээ барих нэг хэсэг гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, хоёр хэсэг ажлыг тус бүр нь таван багцад хуваасан гээд нийт арван багц ажил өрнөж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр/2022.06.30/ Дарханы замын бүтээн байгуулалттай танилцаж, албаны хүмүүс, тендерт шалгарсан компанийн төлөөллүүдтэй уулзав. Уулзалтын үеэр Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар энэ оны аравдугаар сард гэхэд эхний хоёр эгнээг асфальбетоноор хучиж, ашиглалтад оруулна гэдгийг онцолсон. Ингэснээр иргэд шороон бус засмал замаар Улаанбаатар-Дархан чиглэлд зорчих боломж бүрдэх юм. Харин Дарханы замын бүтээн байгуулалт 2023 оны аравдугаар сард нэг мөр дуусч, монголчууд удаан хүлээсэн дөрвөн эгнээ замаараа зорчих гэнэ.

Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар ярихдаа “Одоо гол анхаарах асуудал дөрөвдүгээр багц. Ийшээ хамаг хүчээ хаяна. Торлогтын давааны замыг наадмаас өмнө, Баруун хараагийн замыг долдугаар сарын 13-наас өмнө асфальбетоноор хучих болно. Азийн хөгжлийн банкны санхүүжилттай хоёр эгнээ замыг ирэх аравдугаар сарын сүүл гэхэд хучиж, иргэдийг шороон замаар явуулахгүй. Европын банкны хоёр болон гуравдугаар багцыг ашиглалтад оруулахаар хичээж байна гэхдээ амлаж чадахгүй” гэв.

Багц бүрийн ажлын явц харилцан адилгүй. Зарим багц дээр зам нь бүрэн дуусч, тохижилтын ажил нь хийгдэж байх бол бусад багц дээр нь газраа тэгшлэх, замаа өргөтгөх, суурь давхарга, далан босгох зэрэг газар шорооны ажил ид өрнөж, тоос шороондоо дарагдана. Энэ бүтээн байгуулалтын улмаас Баянчандмань, Баруунхараа зэрэг сумдын аж амьдрал ч тийм таатай биш байв. Сумын төвийнх нь тэг голоор зам тавигдаж, тэр хавийн айл өрх, мал амьтан, ард иргэд тоос шороон дунд аж төрч, хурдхан зам тавигдахыг хүсч байгаа нь илт.

Тендерт шалгарсан ажил гүйцэтгэгч компаниуд хариуцсан багцаа хугацаанд нь хүлээлгэн өгөх хүсэлтэй ч үүнд нь олон хүчин зүйлс саад болж байгаа аж. Энэ талаар Зам тээвэр, хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Асфальбетон хучилтын шингэн дууссан учир нэмэлт хоёр эгнээ замын ажил удаашралттай байна. Өнгөрсөн жил л гэхэд 78 өдөр бороотой байлаа. Бороо зогссоны дараа шууд ажил эхэлнэ гэж байхгүй. Зам хатсаны дараа л ажлаа үргэлжлүүлэх боломж бүрдэнэ. Мөн тоног төхөөрөмж эвдэрсэн тохиолдолд Эрээний хил хаалттай учир сэлбэг олдохгүй байна. Цементийн асуудал саяхнаас шийдэгдлээ” гэж ярив.

Дарханы зам Ази, Европыг холбосон гүүр гэж том ярихаас илүүтэйгээр энэ зам бол Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн иргэдийн нийслэл рүү зорчих хамгийн дөт бөгөөд сонголтгүй сонголт. Тэдний сонголтын эхний төлөөс нь дугуй. Цаашлаад амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө энд яригдана. Шороон замын хажуугаар дугуй нь хагарсан нь, автомашиныхаа хамрыг сөхсөн жолоочид цөөнгүй үзэгдэнэ. Машин дотор цонх хаалттай ч Дарханы замын тоос шороо хоолойд амтагдана.

Замын ажил нийт 480 хоног өрнөх бөгөөд үүний 360-ыг нь зөвхөн далангийн бүтээн байгуулалтад зарцуулдаг байна. Одоогоор суурь далангийн ажлууд 70 хувьтай байгаа бөгөөд нийт бүтээн байгуулалт 40 хувьтай явна. Далан барих ажлын үнэлгээ бага учир олон компани тендерт оролцдоггүй гэдгийг дэд сайд ярьж байлаа. Мөн Европын сэргээн босголтын банк зээлийн урьдчилгаа 10 хувийг өгч, хийсэн ажлынх нь баталгаа, гүйцэтгэлээр үлдсэн санхүүжилтээ 56 хоногийн дотор олгодог гэнэ. Ийм учраас гүйцэтгэгч компаниудыг өөрсдөөсөө санхүүжилтээ гарган ажлаа гүйцэтгэхийг хүсч байгаа аж. Үүн дээр ажил гүйцэтгэгч зарим Хятад компаниуд дургүй байна. Дэд сайд Ж.Бат-Эрдэнийн хэлснээр “Чайно Жео-Инженеринг” корпораци мөнгөгүй, санхүүжилтгүй гэх шалтгаанаар ажлаа зогсоосон байгаа бол “Чүнмэ” компани Хятад ажилчин байхгүй, өөрийн техник багаж багатай учир сүүлийн гурав хоногт 8.8 км замын ажил л хийжээ. Шалтгаан мөн л мөнгө байхгүй.

Арван багц ажлын хоёрыг нь л монгол компаниуд бүрэн хариуцан ажиллаж байна.

Ажил гүйцэтгэгч, тендерт шалгарсан компаниудын талаар Л.Халтар сайд “Хариуцсан ажлаа сайн хийж байгаа компаниуд байна. Ялангуяа дотоодын компаниуд сайн хийж байгаа. Зарим Хятад компаниуд асуудал үүсгэж байна. Нэгдүгээрт, туслан гүйцэтгэгч нараараа ажил хийлгэчихээд мөнгийг нь өгдөггүй. Банкнаас санхүүжилт өгөөгүй гэдэг. Гүйцэтгэлээ бичээд зөвлөх компанидаа өгч чаддаггүй. Би Монгол Улсын зөвлөх инжене С.Очирбатаас гуйсан. Энэ компанийн талбайн инженерүүдэд гүйцэтгэл бичихэд нь туслаач гэж. Гүйцэтгэлээ бичиж чадахгүй байгаа учир банк санхүүжилт өгөхгүй байгаа юм. Тэрнээс биш мөнгийг өгөхгүй байгаа юм биш. Монгол компаниуд цагтаа гүйцэтгэлээ бичээд мөнгөө авч байна. Хятад компаниудыг төв компаниасаа мөнгө авч, туслан гүйцэтгэгч нартаа санхүүжилт өгөх боломжтой. Гэвч тэгэхгүй байна. “Чайно Жео”, “Чүнмэ” гэх энэ хоёр компаниас болоод ажил гацаад байна. Монгол компаниуд, Монголын Зэвсэгт хүчин хоёр л энэ замын ажлыг нугалж байна” гэлээ.

“Чайно Жео” корпораци урьдчилгаа 1.4 сая ам.долларын санхүүжилт авчээ. Тус компанийн хариуцсан дөрөвдүгээр багцын ажил урагшгүй, удаашралттай байна.

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Дарханы замын ажилд оролцсоноор бүтээн байгуулалт эрчимжсэн гэнэ. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Манай бие бүрэлдэхүүн 20 хувийн санхүүжилттэй л ирсэн. Замын 30 хоолойг 100 хувь дуусгалсан. Зэвсэгт хүчний бусад төслүүдээс санхүүжилт татаж, эдгээр ажлыг хийлээ. Далан 45 хувьтай явж байна. Гурав хоногийн өмнө бензин дууссан. Одоо жанжин штабын төсвөөс хөрөнгө татаж байна. Энэ нь Төслийн хууль зөрчиж байгаа хэрэг. Тиймээс санхүүжилтын асуудлыг шийдэж өгөөч хэмээн Ерөнхий сайдаас хүсч байна” гэж учир явдлаа тайлбарлав.

Ийнхүү албаны хүмүүс, ажил гүйцэтгэгч нартай уулзсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах мэдэгдлийг хийсэн юм. Тэрбээр “Жилийн өмнө ирээд боломж олгосон. Гэвч байдал сайжраагүй гэсэн мэдээллийг надад өглөө. Засгийн газар хариуцлага шаардах эрхтэй. Ажлаа хийхгүй байгаа компаниудыг тендерт шалгаруулсан албан тушаалтнуудыг авлигатай тэмцэх газарт өгч шалгуулна. Энд авлига авсан байж болзошгүй. Засгийн газар ч энэ дээр алдаа гаргасан. Техник, санхүүгийн чадавхи муутай хямд үнэ санал болгосон компанийг сонгосноос болоод өнөөдөр Дарханы зам гурван багц дээрээ хүндрээд байна. Ажлаа хийж чадахгүй бол болилоо гэсэн бичгээ өг. Энийг манай үндэсний аж ахуй нэгжүүд хийх боломжтой. Санхүүжилтээ гаргахгүй, хугацаандаа ажлаа хийхгүй байгаа гурван компаниудын гэрээг цуцлах уу, цаашаа явах уу гэдэг зарчмын шийдлийг гаргах шаардлагатай боллоо. 11-р сар хүртэл ажлыг идэвхжүүлэхийн тулд Ерөнхий сайдын хувьд сар бүр ирэхээр боллоо” гэлээ.

Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкнаас гарч байгаа санхүүжилт дээр ямар нэгэн хүндрэл байхгүй ч материал, сэлбэгийн үнийн хэт өсөлт, хил гаалийн гацаа, ажиллах хүчний зардал, бензин шатахууны үнэ зэрэг бидний шийдэж чадахгүй дэлхийн дахины эдийн засгийн сөрөг нөлөө байна гэдгийг Ерөнхий сайд онцлов.

Тэрбээр цааш ярихдаа “Өнгөрсөн жилүүдэд цар тахалтай холбогдуулан хүндрэл үүсч, гадаадын инженер, техникийн ажилчид хил хаалттай учир ирж чадахгүй байна гэдгийг тухайн үед ойлгож болох үндэслэл байсан. Харин энэ жилээс үүнийг шалтаг гэж үзнэ. Тиймээс шаардлагаа өндөрсгөнө. Энэ аравдугаар сард хоёр хос замын нэгийг нь бүрэн ашиглалтад оруулж, Улаанбаатар-Дарханы урсгал хэвийн болно. Хоёрдугаар хос нь 2023 ондоо орвол энэ бол стратегийн том чухал зам. Эхэлсэн нь зөв ч дундуураа саармагжсан” гэж ярилаа.

Засгийн газраас нэр бүхий ажил гацаагаад буй компаниудад долоо хоногийн хугацаа өгөв. Энэ хугацаанд санхүүжилтээ шийдэж, ажлаа хийж эхлэхгүй бол нэг талын санаачлагаар Засгийн газар гэрээгээ цуцалж, үндэсний компаниудын консорциум байгуулан Зэвсэгт хүчний жанжин штабын бүрэлдэхүүнийг өргөтгөх замаар энэ ажлыг хийх гэнэ. Гэхдээ гэрээг цуцлахгүйг байх дээр Засгийн газар анхаарна. Хэрэв гэрээг цуцлагдвал дахин тендер зарлах, гэрээ байгуулах гэх зэрэг хугацаа алдсан ажил их байна. Хэрэв ажил бүр сайжрахгүй бол Засгийн газар төсвийн эсвэл Хөгжлийн банкны санхүүжилттэй энэ ажлыг хийх аж. Ингэснээр Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкнаас зээл авах шаардлагагүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.