“Хүнсний барааны үнийн өсөлт 21.5 хувьтай буюу хамгийн өндөр байна”

0
112

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний долоон сарын статистик үзүүлэлтүүдийг өнөөдөр/2022.08.17/ Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа танилцууллаа.


Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа:

-Манай улсын инфляц 2022 оны долдугаар сард 15.7 хувь гарсанд 6.3 нэгж буюу 40.1 хувиар хүнсний бүлэг нөлөөлсөн байна. Инфляц 15.7 хувь болоход хүнсний ногооны үнэ жилийн 82.6 хувь өссөн буюу инфляцад 2.0 нэгж хувь, бензин шатахууны үнэ жилийн 39.2 хувь өсөж инфляцад 1.9 нэгж хувь, голлон нөлөөлсөн арван бүтээгдэхүүний үнийн өсөлт нийт инфляцын 31.2 хувийг эзэлж байна.

Нийт инфляцын 54 орчим хувийг импортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт эзэлж байгаа. Хүнсний барааны үнийн өсөлт 21.5 хувьтай буюу хамгийн өндөр өсөлттэй нь байна. Жишээлбэл, хүнсний ногооны үнийн жилийн өсөлт дунджаар 83 хувийн өсөлттэй байгаа нь нийт инфляцад хоёр орчим хувь нөлөөлж байна. Үүн дотроо төмс 3.5 дахин өссөн бол цагаан будаа 26 хувийн өсөлттэй байна.

Мөн бензиний үнэ дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өссөнтэй холбоотойгоор нэмэгдсэн нь дунджаар өнгөрсөн оны долоон сартай харьцуулахад 39 хувийн өсөлттэй байна.

Харин экспорт оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Нийт экспортын хэмжээ 37 хувиар буюу 1.7 тэрбум доллароор нэмэгдсэн. Импорт мөн 24 хувиар буюу 924 орчин сая  доллараар нэмэгдсэн. Ингэснээр Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 1.7 ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 800 гаруй сая доллар нэмэгдсэн.

Алтны экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.3 дахин, зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 15 хувиар, нүүрснийх долоон хувиар тус тус өссөн бол төмрийн хүдрийн биет хэмжээ 51 хувиар буюу хоёр дахин буурчээ. Мөн 11 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 700 гаруй тонноор нэмэгдсэн байна. Газрын тосны экспортын хэмжээ 80 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Импортын хувьд өнгөрсөн онтой харьцуулахад 924 сая доллароор нэмэгдсэн. Энэ нь өсөлтийн 350 сая ам.долларыг дэлхийн зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой импортын өсөлт эзэлж байна.

Монгол Улсын төлбөрийн тэнцэл оны эхний зургаан сарын байдлаар нэг тэрбум ам.долларын алдагдалтай гарсан. Өнгөрсөн онтой харьцуулахад нэг тэрбум доллароор нэмэгдсэн байна. Импортын хэмжээ, аялал жуулчлалын гадагшаа өгөх төлбөр нэмэгдсэн, түүхий эдийн үнийн өсөлттэй холбоотой гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудын ашиг нэмэгдсэнээр үйлчилгээний нийт анхдагч урсгал дансны алдагдал нэмэгдэхэд гол нөлөө үзүүлсэн. Харин Санхүүгийн данс 300 орчин сая ам.доллароор өссөн нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой.

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого,тусламжийн хэмжээ 8.7 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.0 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Тэнцэл  788.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан.

Эдийн засгийн өсөлт 2022 орны эхний хагас жилийн байдлаар 1.9 хувийн өсөлттэй гарсан. Үүнд хөдөө аж ахуй 1.8 хувийг нэмэгдүүлэхэд голлох нөлөө үзүүлсэн. Нэгдүгээр улиралтай харьцуулахад хоёрдугаар улирлын эдийн засгийн өсөлт 3.2 орчим хувийн өсөлттэй гарсан. Ажилчид 1.2 сая болж, өмнөх оны мөн үеэс 5.4 хувиар буюу 59.2 мянгаар, өмнөх улирлаас 36.4 мянгаар өссөн байна. Ажиллах хүчний оролцооны түвшин 59.3 хувь болж, өмнөх улирлаас 1.3 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 2.5 нэгж хувиар өссөн.

Түүнчлэн нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ 2022 оны хоёрдугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 (0.2%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 60.2 (5%) мянган төгрөгөөр буурчээ. Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурахад тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 66.9 (19.3%) мянган төгрөгөөр буурсан нь гол нөлөө үзүүлсэн аж. Харин нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт зарлагын хэмжээ хоёрдугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 62.9 (5.7%) мянган төгрөгөөр нэмэгдэж, өмнөх улирлаас 11.3 (1.0%) мянган төгрөгөөр буурсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.