Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийг барих төсөлд дөрвөн гадны компани шаардлага хангажээ

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ыг түшиглэсэн Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад 7 улсын 13 компани саналаа ирүүлснээс дөрвөн компани шаардлага хангаж байгааг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлсэн. 700 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хоёр жилийн хугацаанд хийгдэхээр ТЭЗҮ-д нь тусгасан тус төсөлд Швейцарт төвтэй Glencore, БНХАУ-ын NFC, Jianxi Copper болон бусад гурван компанийн түншлэл санхүү, техникийн шаардлага хангасан байна.

Тус түншлэлд Liantou New Energy Technology, China ENFI Engineering Corporation, Shanxi Northern Copper Industry гэсэн компаниуд багтжээ. Эцсийн шатны шалгаруулалтыг оны эхний улиралд багтаан дуусгахыг зорьж байгааг ЗГ мөн мэдээллээ. Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг барьснаар “Эрдэнэт үйлдвэр”-ээс олборлож буй зэсийн баяжмалыг бүрэн боловсруулж, жилдээ 120 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэнэ гэж төлөвлөж байна.