С.Саран: Эсгий туургатан гэж дэлхийд алдаршсан монголчуудын хосгүй өв соёл, гоо зүйн өндөр мэдрэмжийг илтгэх урлагийн бүтээлийн нэг нь эсгий уран зураг юм

0
125

Ч.ҮЛ-ОЛДОХ

Олон улсын уран зургийн хамтарсан үзэсгэлэнгүүдийн үеэр монгол хүний урласан эсгий уран зураг үзэгчдийн анхаарлыг хамгийн их татаж, урлагийн өндөр үнэлэмжтэй, өөрөөр хэлбэл “юм үзэж нүд тайлсан” европчуудыг уулга алдуулж байна. Дэлхийд алдартай сонгодог урлагийн театрын тайзан дээр монгол уран бүтээлчид монгол эсгийгээр урласан хувцсаараа гангаран омогшиж байна. Монголын урлагийн сор болсон уран бүтээлчид ч хилийн чанадад эсгий малгай, эсгий пальтогоороо олны нүдийг хужирлаж байна. Олон улсын жуулчид хүртэл “Монгол шилтгээн”-ий эсгий хөшиг, “Тэрэлж”-ийн эсгий гэр, эсгий уран зургуудыг шагшсаар буцацгааж байна. Тэгвэл бид энэ бүхнийг яагаад анзаарахгүй, үнэлэхгүй, шагшрахгүй байна вэ? Монгол түмний өнө эртний их өв соёлын нэгээхэн хэсэг болох эсгий урлаг өнөөдөр Монголд ямар түвшинд хөгжиж байна вэ? Энэ мэт асуултуудад хариулт авахаар, басхүү ахуйн хэрэглээний, бэлэг дурсгалын хэдхэн зүйлээр л төсөөлөгдөшгүй энэхүү өв соёлоо хөгжүүлэхийн тулд цаашид юу хийвэл зохих талаар санал бодлыг нь сонсохоор Монголын Урлагийн зөвлөлийн гишүүн, зураач, урлаг судлаач С.Саранг зорьж уулзлаа.

-Эсгийн урлал, тэр дундаа эсгий уран зураг монголчуудын өв соёл, уламжлалтай хэрхэн холбогддог вэ?

-Эсгий туургатан гэж дэлхийд алдаршсан Монголчуудын анхны төрт улс Хүннүчүүд эсгий, ширмэл бүтээлүүдийг эдийн соёлын хүрээнд урлагтай холбож урлаж байсан нь 1924 онд Хараагийн Ноён уулын Хүннү язгууртны булшнаас зээгт хатгамал бүхий алдарт эсгий ширмэл ширдгийг олдсоноор нотлогдож байгаа юм. Энэхүү ширдэг нь хамгийн эртний олдворт тооцогдож одоогоор ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитаж музей, тал нь МҮТМ-д хадгалагдаж байна. Уг ширдэг түүхийн үзмэрт тавигдах хэмжээний элэгдэлгүй байгаа нь эсгий өөрөө ямар бат бөх, эдэлгээ сайтай түүхий эд болохыг гэрчилж байна.

Эсгий бол амьдрал, ахуйдаа эрт цагаас одоог хүртэл ашигласаар ирсэн Монголчуудын номер нэг брэнд түүхий эд. Эсгий нь өрөө тасалгааны температурыг хадгалахаас гадна чийгийг шингээж, дуу тусгаарлах чадвартай өөрөө амьсгалдаг эко материал юм. Мөн галд маш тэсвэртэй. Монгол хонины ноосны шаталтын температур 560 цельс байдаг учраас шаталт бага явагддаг. Ноосоор хийсэн дулаалгын материал, хэрэглэл нь шилэн хөвөнтэй харьцуулахад дуу чимээг 50 хувиар бууруулдаг бөгөөд хорт хийг өөртөө шингээн, сарниулах шинж чанартай байдаг.  Цэвэр ноосонд өөрөө өөрийгөө цэвэрлэх чадвартай ланолин гэж бодис байдаг учир хүний биеэс ялгарсан хөлс чийгийг хэчнээн шингээвч бохирдол үүсгэдэггүй. Бүр эсрэгээрээ арьсанд тэжээл өгч чийгжүүлэх, хуурай арьсны тослогийг тэнцвэржүүлэх, үрэвсэл намдаах, бактери устгах гэх мэт олон давуу талтай.

Монгол түмэн маань энэ мэт шинж чанаруудыг нь эртнээс танин мэдэж, эсгий материалыг ахуйн хэрэглээнээс урлагийн бүтээл болтол нь хөгжүүлсээр ирсэн түүхтэй. Эсгий урлаг бол Монголын брэнд юм.

-Таныг эсгий урлагаар мастер хамгаалсан зураач гэж сонссон. Анх эсгий урлагтай хэрхэн холбогдсон бэ. Ямар ямар үзэсгэлэнгүүдэд оролцож шагнал урамшуулал хүртэж байв?

-Би Дүрслэх урлагийн дээд сургуулийн Торгон зураг, эсгий урлагийн ангид 1997- 2002 онд суралцаж төгссөн. Тухайн үед манай сургууль таван жилээр сургаж төгсгөдөг байлаа. Улмаар СУИС-д “Эсгий урлагийн уламжлал ба шинэчлэл” сэдвээр магистр хамгаалж, мөн МУБИС-ийг заах арга зүйч, багшаар төгссөн.

Би уг нь Соёл урлагийн их сургуулийн харьяа Дүрслэх урлагийн дээд сургуульд хувцас дизайнерын ангид орохоор төлөвлөж байсан юм. Гэвч намайг их сургуульд орох үед тухайн ангид элсэлт аваагүй учир Торгон зургийн ангид орсон. Гэсэн хэдий ч хувцас дизайнер болох хүслээ хаяж чадалгүй суралцах хугацаандаа эсгий хувцсаа олон төрлөөр туршиж, дипломын ажлаа энэ сэдвээр хамгаалж байлаа.

1997 оноос эхлэн 25 жил эсгий уран зураг, эсгий хувцас, эсгий ширмэл, эсгий баримал, гобелен, зээгт наамал, эсгий инстоляци зэрэг төрлөөр бүтээлээ туурвиж дотоод, гадаадын олон үзэсгэлэнгүүдэд амжилттай оролцсоор ирлээ. МУЭХорооны ээлжит үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож, Урчуудын эвлэлийн хорооны урилгаар Эсгий урлагийн төрлөөр мундаг уран бүтээлчидтэйгээ хамт Франц улсад үзэсгэлэн гаргаж Монгол улсаа сурталчилж байсан. Шагнал урамшууллын хувьд, 2006 онд “Хавар” МУЭ-ийн ээлжит үзэсгэлэнгийн “Алтан палитр” тэргүүн шагналыг “Он цагийн урсгал” (1,2м х 1,8м) эсгий зургийн бүтээлээр хүртэж байлаа. Мөн 2011 онд “Шинэ санаа шинэлэг бүтээл” эсгий үзэсгэлэнгийн тэргүүн байрын шагналыг хүртсэн.

-Танай сургууль торгон зураг, эсгийн урлагийн чиглэлээр одоо ч мэргэжилтэн бэлтгэж байгаа юу?

-Одоо эсгий урлалын чиглэлээр тодорхой мэдлэг, арга технологи олгодог сургалтын байгууллагууд бий. Харин эсгий урлагийн мэргэжилтэн бэлтгэж байгаа сургууль Монгол Улсад одоогоор байхгүй байна. Бид эсгий урлал болон эсгий урлаг хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй юм. Манай анги удирдсан багш Баянжаргалын Баяндүүрэн гэж эсгий урлалыг урлагийн түвшинд хөгжүүлэхэд маш том хувь нэмэр оруулсан мэргэжлийн хүн бий. Одоо ч өөрийн урландаа бүтээлээ туурвисаар байна.

Монголд эсгий урлагийг хөгжүүлж, авч явж байгаа артист маш ховор болжээ. Тиймдээ ч эсгий урлагийн чиглэл зарим талаар орхигдоод байна уу даа гэж харамсаж байна. Монгол хонины ноос, ноолуураар маш олон төрлийн эсгий урлагийн бүтээлүүд хийх боломжтой. Жишээлбэл, эсгий уран зураг, эсгий баримал, эсгий хувцас дизайн, эсгий товоймол зураг, эсгий зээгт ширмэл, эсгий бэлэг дурсгал, эсгий инсталляци, эсгий холимог техник, хайчилбар эсгий гэх мэтийг дурдаж болно. Монголчууд бидний уламжлал соёл, ахуй, урлаг, гоо зүйн мэдрэмжтэй салшгүй холбоотой эсгий урлагийг бид шинэ түвшинд гаргах, залуу артистуудыг бэлтгэх, уламжлалт технологийг хадгалж авч үлдэх, түгээн сурталчилах зайлшгүй шаардлага тулгараад байна.

-Хатуухан хэлэхэд, санаа зовних асуудал өнөөгийн нийгэмд хэтэрхий олон байна л даа. Санаа зовниж байгаагаа мэддэг, хэлдэг хэр нь тухайн асуудлыг шийдвэрлэхийн төлөө бодитой алхам хийдэг хүмүүс л цөөхөн байна. Жишээлбэл, та эсгий урлалыг урлаг талаас нь хөгжүүлэхийн тулд ямар хувь нэмэр оруулахаар зорьж байна вэ?

-Урлагийн сургуульд нь эсгий урлагийн чиглэлээр төгссөн бидний хувьд дэмий санаа зовниод, гараа бус амаа хөдөлгөөд суугаад байхыг хүсдэггүй. Тийм ч учраас Дүрслэх урлагийн дээд сургуулийн 2002 оны Торгон зургийн ангийн төгсөгчид хамтран Монголын дүрслэх урлаг дахь эсгий болон торгон зээгт наамлын хөгжилд хувь нэмрээ оруулах, эсгий болон торгон зээгт наамлын уран бүтээлийг дүрслэх урлаг сонирхогчид болон үзэгчдийн хүртээл болгох зорилго бүхий Эсгий урлаг, Торгон зээгт наамлын уран бүтээлийн тайлан үзэсгэлэнг хоёр ч удаа амжилттай  зохион байгуулж байлаа.

Тэр дундаа эсгий урлаг бол монголчууд бидний мартагдаж, орхигдож буй агуу өв соёлуудын нэг мөнөөсөө мөн. Урлал талаас нь хүмүүс харьцангуй ихээр сонирхож, хөгжүүлж байгаа нь сайн хэрэг. Харин мэргэжлийн хүмүүс бид үүнийг дэмжиж арга техник, технологийг нь харамгүй зааж өгөх хэрэгтэй гэж боддог. Нөгөө талаар мэргэжлийн артист, зураачдын хувьд эсгийгээр улам сайн мэргэших, эсгийн нарийн технологиудыг эзэмших, эсгий урлагийн бүтээл төрүүлэх чиглэлд хөгжих, Монголын эсгийн соёлыг дэлхийн түвшинд сурталчлан таниулахад чухал үүрэгтэй. Тиймдээ ч өнөөгийн нөхцөлд Мэргэжлийн зураач урчууд, залуу уран бүтээлчид уламжлалт арга нано технологиор эсгий уран зураг урладаг зураачдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаасай гэж хүсдэг.  Үүнд миний бие бага боловч хувь нэмрээ оруулж, өөрийн олж авсан мэдлэг, туршлага, арга техникээ хуваалцах, шинэ залуу үеэ бэлтгэхэд анхаарч байгаа. Бид өв соёлоо, уламжлал ёс заншлаа хойч үедээ өвлүүлэн үлдээх мөн дотоод, гадаадын урлаг сонирхогчид болон иргэдэд Монгол орныхоо хосгүй шинж чанар, онцлог байдлыг урлагийн бүтээлээрээ дамжуулан үзүүлэн таниулах, түгээн дэлгэрүүлэх нь чухал бөгөөд энэ байдал магадгүй эсгий урлагийн чиглэлд илүү тулгамдаж байгаа асуудал болооод байна.

Эсгий урлагийг Монголчууд маань хөгжүүлж чадвал дэлхийн урлагийн нэгэн шинэ бөгөөд өвөрмөц төрөл болгож чадна. Гэтэл гадны орнуудад эсгий урлаг нь эсгий туургатан хэмээн алдаршсан биднээсээ түрүүлээд эрчимтэй хөгжүүлэх сонирхол харагдах боллоо. Түүхий эд ноос ноолуур нь Монгол Улсад элбэг мэт санагдаж байж болох ч илүү нарийн ширхэгт ноостой хонины тоо толгой хомс байгаа нь энэ салбарын цаашдын хөгжилд сөрөг нөлөөтэй. Өөрөөр хэлбэл үндсэн түүхий эд болох сайн чанартай ноосны олдоц бага, үнэ өндөр байна. Бид мах махан бүтээгдэхүүний чиглэлээр хонин сүргээ түлхүү хөгжүүлж, харин ноосны чиглэлээр үржүүлэг хийх нь ховор байна. Малчид хотондоо зөвхөн ноосны чиглэлээр тусгай үүлдрийн тодорхой тооны хонь үржүүлчихдэг бол эсгий урлал, эсгий урлагийн хөгжилд нэлээд дэм болно доо.

Хоёр их гүрэнтэй хаяа залгах Монгол орноо хайрлан хамгаалж, хөгжүүлж, үндэсний ёс заншил, соёл урлаг, монгол заншлаа орхихгүй, алдахгүй байх нь төр засаг болоод уран бүтээлчдийн хамтын ажиллагаатай шууд холбоотой. Тийм учраас миний хувьд эдгээр бүх боломж, зорилгыг багтаасан “Эсгий уран зураг – урлагийн бүтээлийн инноваци” төслийг санаачлан хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна.

Төслийн хүрээнд эсгий урлагийн өв соёлыг хадгалах, хамгаалах чиглэлээр шинэ үеийн эсгий уран бүтээлчдийг бэлтгэж технологи, ноу-хауг тусгасан сургалт төлөвлөж байна. Мөн эсгий урлагийн бүтээл, креатив үйлдвэрлэлийг дэмжих зорилгын хүрээнд эсгий урлагийн бүтээл, уран зураг бүтээн, зах зээлд гаргах, “Эсгий уран зургийн үзэсгэлэн” зохион байгуулах, анхны NFT felt art-ыг дэлхийд гаргах, эсгий урлагийг сурталчилсан катологи, мэдээллийн сан бүхий веб сайтыг хөгжүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөөд байна.

-Эсгий уран зураг зэрэг үндэсний онцлогтой бүтээлүүдийг бидний дийлэнх нь онцолж хардаггүй. Харин гадныхан л уулга алдан шагшаад байдаг. “Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш ухаардаггүй” гэдэг дээ. Эсгий уран зургийн давуу талуудыг бидэнд хамгийн энгийнээр хэлж өгөөч.

-Уран бүтээлчийн талаас харахад ноосны эрчилдсэн хөдөлгөөн, зураас, натурал өнгө нь гайхалтай сайхан харагддаг. Үүнийг ашиглаж уран бүтээлч зураачид бийрийн үзүүрээр ч гаргаж чадамгүй нарийн нандин дүрслэлийг эсгий дээр уран тансаг гаргах боломжтой. Материалын талаасаа эсгий бол жинхэнэ нано-технологи шүү дээ. Харин хэрэглэгчийн талаас харвал, эсгий уран зураг нь яг л бусад төрлийн уран зургийн адил тухайн хүний гоо зүйн таашаалыг төрүүлэхийн сацуу эдэлгээ удаантай, бат бөхөөс гадна дуу чимээ багасгаж, дулаан энерги ялгаруулдаг зэрэг давуу талтай.

-Таны түрүүн дурдсан дипломын ажил тань их сонирхол татлаа. Эсгий урлалыг урлагийн түвшинд хөгжүүлэхэд голлох бас нэгэн төрөл бол эсгий хувцас юм байна гэж би хардаг юм.

-Хүмүүс эсгий хувцас өмсвөл хатгах уу, халууцах уу гэж асуудаг. Гэтэл ноосны сонголтоо зөв хийгээд бусад нэхмэл тансаг материалтай хослуулан холимог техник ашиглаж хийсэн эсгий хувцас хатгаж халууцуулахгүй. Харин ч илүү таатай, тухтай мэдрэмжийг хүнд өгдөг. Эсгий хувцас нь оёдол нэхээсгүй ноосны ширхэг үс болгоныг зулж тавьсан цэвэр гар ажиллагаатай тансаг бүтээл болж байгаа юм.

Эсгий гэхээр л зузаан биед наалдахгүй хувцас байж болохгүй, гоёлын даашинзнаас авахуулаад дотуур хувцас хүртэл хийж болж байна шүү дээ. Миний хувьд Америкт амьдардаг монголчуудынхаа захиалгаар дуурьд зориулсан тагтааны хувцас, Гуа марал, Бөртэ үжингийн хувцас эд хэрэглэл хийж байлаа. Мэдээж 100% гар ажиллагаатай, мөн урлагийн тодорхой шийдэл, санааг оруулан бүтээсэн тул нүсэр их ажиллагаа шаардсан, миний хувьд маш үнэ цэнтэй бүтээл болсон доо.

Ноосны хөдөлгөөний нарийн нандиныг нь мэдэрч чадвал маш гоё этгээд, өвөрмөц шийдэл бүхий уран зургууд гарч ирдэг. Нэг үгээр хэлэхэд, эсгий хувцас өмсөнө гэдэг чинь урлагийн бүтээл өмсөөд явж байна гэсэн үг.

-Эсгий хувцсыг эрүүл мэндийн талаасаа хүний биед их сайнаар нөлөөлдөг гэж уншиж байсан. Санаанд оромгүй олон сайн талууд байдаг юм билээ.

-Тийм шүү, эрт үеэс эсгийг Монголчууд олон талаар ашигласаар иржээ. Жишээлбэл хүүхэд багачуудад зориулсан олон төрлийн тоглоом наадгай хийх, тэр ч байтугай охид, эмэгтэйчүүд ариун цэврийн хэрэглэлийн оронд хүртэл ашигладаг байж. Эсгий хувцас бөөр, нуруу, үе мөчинд маш сайнаар нөлөөлж, элдэв өвчнөөс сэргийлэхээс гадна зарим өвчнийг анагаадгийг шинжлэх ухааны үндэслэлтэй баталсан байдаг юм билээ. Хүүхдийн гэдэс дүүрэхэд хар даавууг шар тосоор тослоод халааж ороодог үүний оронд хар ноос, сарлагийн хөөврөөрөө нимгэн эсгий хийгээд бэгнэж байвал илүү үр дүнтэй байдаг гэж ардын ухаанд заасан байдаг. Миний хувьд өвөл, хавар, намрын хүйтэн сэрүүний улиралд өсгийтэй гутал өмсөх шаардлагатай болвол эсгийгээрээ нимгэн оймс хийж өмсдөг байлаа. Тун дулаахан шүү. Тийм ч учир эсгий оймс нь импортын бүтээгдэхүүн, алдартай брэндийн бүтээгдэхүүнийг дагуулахгүй. Бид угтаа энэ мэт давуу чанар, уламжлалаа анзаарч, хөгжүүлж, шинэ үеийн технологийн давуу талтай хослуулан инноваци шингээж чадвал өндөр үнэтэй гадны гутлын шаардлага гарахгүй л болов уу.

-Хамгийн их ур шаардсан бүтээлүүдээсээ сонирхуулаач.

-Эсгий уран зураг бол оюуны сэтгэмж болон биеийн хүч хосолсон маш хүнд ажил. Миний хамгийн их ур шаардсан бас нэгэн бүтээл бол Чингис хааны хөрөг. Эсгийгээр хүний царай төрхийг зурна гэдэг маш хэцүү. Зохиомж зураг бол бага зэрэг эвдэрч болдог. Бодит дүр төрх бол агшаах явцад өчүүхэн эвдэрвэл л тухайн хүний дүр төрх өөр болчихно.

Мөн “Монгол шилтгээн” цогцолборт найман эсгий хөшиг, гэрийн тооно, эсгий үүд хийж өгч байлаа. Эсгий гэрлийг өөртөө шингээх чадвартай учраас эсгий хөшиг маань байгалийн гэрэлтэй уусаад дулаахан энерги, интерьерийн гайхалтай шийдэлтэй орчныг бүтээж өгч байсан.

-Та бол эсгий урлагийн мэргэжлийн цөөхөн уран бүтээлчдийн нэг. Мэргэжлээрээ 25 жил ажиллахын зэрэгцээ уламжлалт эсгий урлалын арга барилыг хадгалж, залуу хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, таниулах замаар эсгий болон торгон зургийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор ажиллаж байгаагийн хувьд Монголын эсгий урлагийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

-Монгол хүн бүр эсгий бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж, охид бүсгүйчүүд нь гэрийн нөхцөлд хийж сураад амьдрал ахуйдаа хэрэглэж байвал Монголчуудын уламжлалт эсгийн соёлын хөгжилд хувь нэмэр оруулж байна гэсэн үг.

Сүүлийн үед манай бүсгүйчүүд хятад зурагтай хатгамалд нэлээд их цаг зав гаргаж, хатгамал урлаж байна. Үүний оронд эсгий ширмэл олбог дэвсгэрээ оёод эдэлж хэрэглэж, хайртай хүмүүстээ бэлэглэвэл маш үнэ цэнтэй бэлэг болно доо гэж боддог. Тиймээс өөрийн урландаа монгол ширмэл олбог хатгах аргыг зааж өгөөд мөн бэлдцийг нь хийгээд өгөх зорилготой байна даа. Эсгий бол биднээс хол хөндий, огт мэдэхгүй зүйл биш, бид чинь эсгий туургатай Монголчуудын үр сад, эсгий гэрийн хүмүүс шүү дээ. Эсгийгээр хийж болохгүй зүйл гэж үгүй. Бас монгол бүсгүйчүүд маш уран, нандин мэдрэмжтэй, дайчин чанартай хүмүүс учраас эхэлсэн, оролдсон хүн бүр л чаддаг, хийдэг.

Тиймээс Монголын уламжлал өв соёл, энэ сайхан урлагийг дэлхийд сурталчлах энэ ажил бидний цөөхөн тооны хүмүүсээр хязгаарлагдах бус илүү олон хүнд зааж сургаж, түгээн дэлгэрүүлж, хөгжүүлээд улмаар дэлхийд гайхуулмаар байгаа юм.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Эх сурвалж: Www.polit.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.