РАШААНТ СУМЫН ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРЛОО

 Өнөөдөр Булган аймгийн Рашаант сумын 75 ортой 2 давхар цэцэрлэгийн өргөтгөлийн нээлт өргөн дэлгэр, ёслол төгөлдөр боллоо. Тус цэцэрлэгийн барилгын ажлыг “Артус” ХХК Улсын төсвийн 2,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Ж.Ганболд, Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, аймгийн Боловсролын газрын дарга Ц.Цолмонбаатар, Үйлчилгээний гавьяат ажилтан Б.Бат-Эрдэнэ, Сумын удирдлагууд, “ Артус” ХХК-ийн төлөөлөл болон Рашаант сумын цэцэрлэгийн үе үеийн багш, ажилчид, эцэг эхийн төлөөлөл оролцлоо. Рашаант сумын Ирээдүй цэцэрлэг нь анх 1983 онд 2 гэр, 5 багш 20 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бол тус барилга ашиглалтад орсоноор 7 бүлэг болж өргөжин 210 хүүхэд, 23 багш, ажилтантайгаар сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүүхэд бүрт чанартай, хүртээмжтэй хүргэхээр ажиллаж байна. 75 хүүхдийн ортой, орчин үеийн стандартын шаардлага хангасан хоёр давхар энэхүү цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор тус сумын бяцхан иргэд тав тухтай, эрүүл, аюулгүй орчинд боловсрол, хүмүүжил олж авах сайхан нөхцөл бүрдэж байна. Хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө сэтгэл, зүтгэл гаргасан багш, ажилтан, орон нутгийн удирдлага болон бүтээн байгуулалтад оролцсон нийт хамт олонд баяр хүргэж, ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.