Засаг даргын шуурхай зөвлөгөөн хуралдаж Онцгой, Цагдаа, Эрүүл мэнд зэрэг мэргэжлийн байгууллагуудын баяр наадмын өдрүүдэд ажилласан тайлан мэдээллийг сонслоо.
Шуурхай зөвлөгөөнийг Засаг даргын орлогч Д.Соёлчхүү удирдан явуулав.
Баяр наадмын өдрүүдэд аймгийн Цагдаагийн газарт 119 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22 дуудлагаар бага буюу 15.6 хувиар буурсан үзүүлэлт юм.
Мөн гэмт хэрэг зөрчлийн 52 дуудлага бүртгэгдсэн нь өнгөрсөн оны баяр наадамтай харьцуулахад 41 гомдлоор буюу 44. 1 хувиар буурчээ.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангаж БОЭТ, Эрдэнэт медикаль, 8 Өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн 3 эмнэлэг, шүдний 2 эмнэлэг, 4 эмийн сан 24 цагаар иргэдэд үйлчилсэн.
Амбулаториор 1264 үзлэг хийгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1 дахин, хүлээн авахын Яаралтай түргэн тусламжаар 1785 иргэн үйлчлүүлсэн нь мөн 1 дахин буурсан үзүүлэлттэй байна. Наадмын өдрүүдэд аймгийн хэмжээнд 24 эх амаржиж, 14 хүү, 10 охин төрүүлжээ.
200м үерийн усны шуудууг сэргээв
Онцгой байдлын газрын алба хаагчид энэ сарын 10-наас 16-ны 08:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан. Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Эрдэнэт” спорт, соёл амралтын хүрээлэн болон морь барианы газар, гэр хорооллын хэсэг зэрэг газруудад Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн ажиллаж эргүүл, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан.
Үер, усны осол болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн хэмжээнд Хотын захирагчийн албанаас 2 хүн, Онцгой байдлын газраас 5 алба хаагч, Баян-Өндөр сумын 2 мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэйгээр хотын үерийн суваг, авто замын ус зайлуулах системийн хэвийн байдалд үзлэг хийж Баян-Өндөр сумын 4 багийн 8 байрлалд 1,5км далан, сувагт цэвэрлэгээ хийж, 54м3 хог шороог гарган, 200м үерийн усны шуудууг сэргээн борооны ус чөлөөтэй нэвтрэн өнгөрөх боломжийг бүрдүүлэв.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Засаг даргын орлогч Д.Соёлчхүү дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Хот тохижуулах газар, Хотын захирагчийн албанд- наадмын талбайн засвар үйлчилгээ, тохижолтод анхаарах,
- Боловсрол шинжлэх ухааны газарт- сургууль цэцэрлэгийн бэлэн байдлыг энэ сардаа багтаан хангах,
- “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнд-орох хаалганы дэргэдэх тамхины цэгийг шилжүүлэх,
- Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албанд- цаашид баяр ёслол, амралт зугаалгын үед Орхон аймгийг дайран өнгөрч байгаа иргэд буудаллах боломжтой түр кэмп байгуулах газрыг судалж танилцуулахыг тус тус үүрэг болголоо.
Мэдээллийн төв